Шинэ улирлын таны гоёл

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн


Фото: REUTERS/ Benoit Tessier

Гуравдугаар сарын эхэн үе загварын “акулууд”-ын хувьд завгүй өдрүүд байлаа. Нэртэй загварын долоо хоногууд шил шилээ даган үргэлжилж, дэлхийн тэргүүлэх дизайнерууд шинэ бүтээлээ танилцуулахын зэрэгцээ ирэх намар, өвлийн загварын чиг хандлагыг тодорхойлж өглөө.

Дэлхийн загварын нийслэл гэгддэг Нью-Йорк, Лондон, Милан болон Парист загварын хүрээний шилдгүүд чуулж, шинэ коллекцио толилуулав. Загварын долоо хоног бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байсан ч нийтлэг нэг санаа тэднийг нэгтгэжээ. Эндээс ирэх намар, өвлийн үндсэн трэнд ямар байхыг тандацгаая.

Нэн түрүүнд анзаарагдсан зүйл бол дизайнерууд бүгд өнгөрсөн үеэ “санагалзжээ. Загварын долоо хоногийн үзүүлбэр болгонд ретро стиль багтсан байсныг сэтгүүлчид, загварын шүүмжлэгчид онцолж байна. Нью-Йоркийн загварын шоунд өнгөрсөн XX зууны 20, 30-аад оны үе орхигдсон ч түүнээс хойшхи үеийн деталууд тусгалаа олсон байв. Марк Жейкобсоос эхлээд Донна Каран зэрэг Америкийн алдартай дизайнеруудын бүтээлд ч энэ чиг хандлага харагдаж байна.

Marc Jacobs-ийн загвар Нью-Йоркийн тайзнаа

Анна Суи, Диана фон Фюрстенберг, Оскар де ла Рента нарт “итгэвэл” энэ намар, өвөл богино, хурц тод өнгийн даашинз, хүрэм, мөн барын өнгөтэй, нүдэнд тусахуйц хослол, зангидсан тууз, элдэв чамин нугалаатай даашинз загварын ертөнцөд хүч түрэн орж ирэх бололтой.

Британийн дизайнерууд өндөр хоолойтой ноосон цамц, водолазуудад онцгой ач холбогдол өгчээ. Далаад оны үеийнх шиг тусад нь, эсвэл гүн ухлаадас бүхий энгэртэй сарфан даашинзны гадуур өмсч болох гэнэ.

Харин Миланы загварын долоо хоногт шинэ загваруудын танилцуулсан Италийн дизайнеруудаас D&G, Прада, DSquared2 гээд нэртэй брэндийн коллекцид хуучны ретро стилиуд харагдав. Дайны дараах сэргэн мандалтын үеийн цэргийн гэмээр гоёл, Dior-ын new-look стиль үзэгчдэд таалагдав.

Lanvin-ын дизайнер Альбер Эльбаз Парист шинэ цуглуулгаа танилцуулахад, ретро “дүрүүд”-ээ том гинж, ер бусын гоёл чимэг, бичигтэй том энгэрийн зүүлт зэргээр чимэглэсэн байв.


Lanvin-ий цуглуулга Парист

Сүүлийн хэдэн жилийн турш “ретро” стиль загварын долоо хоногийн нэгээхэн хэсэг байсаар ирсэн бол энэ удаад шинээр милитари буюу цэргийн стиль нэлээд багтах болжээ. Даашинз, хүрэм, үслэг шуба болон зохих хэмжээний арьсан чимэглэл бүхий загварууд Michael Kors, Prabal Gurung, Calvin Klein-ы коллекцид багтжээ.

Prabal Gurung Нью-Йоркийн долоо хоног дээр

Миланд түүнээс ч түрэмгий трэнд харагдав. Сонгомол тод томруун дүрүүдэд панк, гранжийг хольсон загварыг Versace, Fendi брэндийн дизайнерууд  ажиллажээ.

Fendi Миланы үзүүлбэр дээр

Армийн сэдэвт сонгодгийг эсрэг тавьсан  Jason Wu, Helmut Lang нарын цагаан, хар загваруудыг Нью-Йоркт харууллаа. Хар, цагаан цуглуулгын зохиогчид  геометрийн угалз, шугамыг илүүд үзсэн байна. “Цагаан зах” гэсэн трэнд ер нь сүүлийн жилүүдэд алдаршиж буйг дурдах ёстой болов уу. Даганамал хар өнгийн даашинзыг ангийн захаар гоёх болсон нь дэгжин эмэгтэйчүүдэд ихээхэн таалагдаж байгаа.

Jason Wu-гийн цуглуулга Нью-Йоркт

Миланд ихээхэн хурц гэхээр шар өнгө давамгайлж байлаа. Гадуур хувцаснаас гадна гутал хүртэл тийм өнгөтэй. Зөвхөн нэг өнгө дагнасан “монотрэнд”-ийг Gucci, Max Mara хоёр хийж байна.


Antonio Marras-ийн монотрэнд Миланд

Бас нэг шинэ трэнд нь даашинз, банзал нь  дотортой, хэд хэдэн хагалбартай болсон байв. Тийм зүйлийг Миланд Marni ба Sportmax танилцуулжээ.
Өмнө нь зөвхөн Лондонд  үзүүлж байсан ардчиллаг стиль энэ удаа загварын ертөнцийн нийслэлүүдэд ирсэн байв. Энэ жил анх удаагаа тусгай үзүүлбэрийг H&M марк хийлээ. Парисийн долоо хоногийг хамгийн үнэтэй гэж үздэг байсан бол энэ удаа хямд брэндүүд люкстэй нь зэрэгцэн  гарч ирэв.

Alberta Ferretti-ийн цуглуулга Миланд

Пальтоны хувьд шинэлэг хандлага ажиглагдаж буй нь урт, дэрвэгэр хормой. Alberta Ferretti, Gabriele Colangelo нарын пальто эсгүүрээр гайхуулахгүй ч газар хүрсэн урт учраас даарах зовлон амсахгүй.

Хэдэн жилдээ хадгалагдаж байгаа бас нэг хандлага нь үслэг материалын чимэглэл. Өнгөрсөн жилийн адил үслэг эдлэл янз бүрийн өнгөтэй байна. Мөн зөвхөн гадуур хувцсыг бус, пиджак, даашинзыг ч үслэг эмжээрээр гоёж болно. Өнгөрсөн жилийн  хувцсаа шинэчлэн нэмэгдүүлэх гэж буй хүмүүс каракуль шуба  эргэн ирж буйг анхаарвал зохино гэж италичууд сануулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж