Газрын тос боловсруулах үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах үйлдвэр барина

"Дархан газрын тос боловсруулах үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал Т.Намжим, дэд захирал Н.Итгэл, байгаль орчны үнэлгээний "Санни трейд" ХХК-ийн ерөнхийлөгч доктор, профессор Ц.Адьяасүрэн, зөвлөх Ц.Дамдин, менежер Д.Батболд, Б.Тогтохням нар өчигдөр (03.12) Дархан-Уул аймагт ажиллалаа. Тус аймагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, судалгааны талаар иргэдтэй уулзалт зөвлөлгөөн хийсэн байна.

УИХ-ын 2010 оны 45 дугаар тогтоол, 2011 оны 39 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2011-2012 онуудад хөгжүүлэх  хоёр удаагийн Үндсэн чиглэлд Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай төрийн өмчийн оролцоотой үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай заалтууд тусгагдсан. Засгийн газар 2011 оны 10 дугаар сарын 12-нд Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үндэсний үйлдвэр төслийг хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн өмчийн оролцоотой үйлдвэр байгуулах тухай 294 дүгээр тогтоол гаргасан юм. Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын ээлжит бус чуулганаар батлагдсан Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт: Төрийн хувь эзэмшлийн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэр барьж, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг бий болгоно гэсэн заалт тусгагдсан байна. Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 12-нд Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр ( Д-ГТБҮ) байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай 9 дүгээр тогтоол гаргасан болно. Эдгээр ажлын хүрээнд өнөөдөр буюу 2013 оны 03 дугаар сарын 13-нд Хонгор суманд "Дархан газрын тос боловсруулах үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал Т.Намжимаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: http://info.e-darkhan.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж