Нэг товшилт, дайны шинэ талбар

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Нэг товшилт, дайны шинэ талбар

Яг энэ цаг мөчид АНУ-ын олон мянган иргэд өөрийн Yahoo хаягт нэвтэрч чадахгүй байна. Мөн Gmail –ын зарим хэрэглэгчид ч хаяг руугаа нэвтэрч чадсангүй. Шалтгаан нь Yahoo юм уу, Gmail-д байсангүй. Олон улсын хэмжээнд цахим халдлага явуулдаг элдэв хакерын дайралтад өртсөн нь энэ. Бүр тодруулбал жихадууд болоод Хойд Солонгосын байгууллагууд халдлагыг зохион байгуулжээ. Үүний уршгаар зөвхөн америк иргэд ч биш зүүн Европ болоод Азийн зарим орны Yahoo болон Gmail-ын хэрэглэгчдийн хаяг ч блоклогдсон ажээ. Эдгээр цахим дайралтын дийлэнхийг ОХУ, Хятад, Африк болон Ойрхи Дорнодын улсууд хийдэг тухай мэдээлэл бий.

НЭГ ТОВШИЛТ…

Нэг товшилт. Интернет юм уу, и-мейл хэрэглэдэг хүмүүсийн нэг товшилт л бүх зүйлийг шийдэж байна. Цахим шуудан дахь хэн нэгний хаягт SPAM хэсэгт ямар нэгэн линк ирсэн байх бөгөөд түүн дээр товшиход тухайн хэрэглэгчийн хаяг өөрчлөгдөж, нууц үг нь шинэчлэгдсэн аж. Нэг товшилт бол цахим дайны гол зэвсэг. Хэн нэгэн таныг албадаагүй. Зүгээр л олон жил хэрэглэж дадсан тэр үйлдлээр нь таны болоод үндэстэн даяарх нууцыг мэдэж болно. Нэг товшилтын үр нөлөө асар их гэдгийг мартаж болзошгүй. Тухайн улсын төрийн сайтад нэвтэрч чадвал улс даяар харанхуй болгоод зогсохгүй, таны эзэмшдэг хувьцааг хормын төдийд унагаачихаж болно. Бүр эсвэл зам дээр хэдэн ч цаг түгжрэлд оруулж болзошгүй. 2010 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр. Дэлхийн бүх веб сайтуудын мэдээллийн урсгалын 15 хувь нь өөрчлөгдөж, хэсэг хугацаанд доголдов. Интернэт сүлжээний сервер рүү нэвтэрч 18 минутын хугацаанд саатал гарсан юм. Энэ нь замын хяналтын системд хүртэл нөлөөлж өндөр хөгжилтэй орнуудын зам хэсэг хугацаанд “түгжирсэн” билээ. Олон нийт үүнийг жирийн л нэг замын түгжрэл гэж харж байсан. Азийн томоохон үүрэн телефоны компаниудын сүлжээ ч хэсэг хугацаанд тасалдсан гэсэн баримт бий. Тухайн үед энэ халдлагыг Хятад улс хийжээ. Бүр тодруулбал Хятадын төрийн мэдлийн China Telecom компанийн явуулсан хакерын ажиллагааны үр дүнд хэсэг хугацааны саатал бий болжээ.

ТОВШИЛТЫН УЧИГ…

Хятад, ОХУ гэсэн хоёр улс цахим дайралтаараа толгой цохино. ОХУ, АНУ-ын яам, тамгийн газар, харъяа агентлагууд, томоохон компаниудын цахим шууданд нэвтэрдэг бол Хятад улс олон нийтийн томоохон сүлжээ сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүсийн цахим шуудан болоод блогод нэвтэрдэг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ ОХУ шиг төрийн мэдлийн компаниудад халддаг нь тодорхой. Харин Африк болоод Арабын ертөнцөөс сүүлийн жилүүдэд цахим дайралтыг ихээр хийх болжээ. Тэд америкийн дундаж давхаргынхны голчлон ордог сайтуудад халддаг бөгөөд иргэдийнх нь сонирхолыг голчлон судалдаг хэмээн үзэж болно. Мөн Арабын орнууд өөр хоорондоо цахим дайралтыг ихээр хийх болжээ. Арабын хавраас хойш арабын орнуудын цахим дайралт эрчимжсэн бөгөөд ихэвчлэн фейсбүүк болоод твиттер гэсэн нийгмийн сүлжээний сайтууд руу нэвтэрдэг аж.

Учгийн хэлхээ тайлагдаж амжаагүй байтал томоохон “тоглогч” эдэн дунд орж иржээ. Энэ нь Хойд Солонгос. Хамгийн сүүлд АНУ-ын хэрэглэгчдэд халдсан дайралтыг Хойд Солонгос улс хийсэн байж болзошгүй гэдгийг АНУ-ын албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тэд цөмийн туршилт болоод алсын тусгалтай пуужинг амжилттай туршсаны дараа томоохон халдлагуудыг хийсээр иржээ.

“Цахим дайруултууд маш аюултай. Бүх л зүйл рүү нөлөө үзүүлж чадна. Нэг ёсондоо санхүүгийн томоохон зэвсэг. Хаах, нуух, хамгаалалтыг нэмсэн ч хөнөөх аюул нь оршсоор л байна” гэж Үндэсний тагнуулын газрын дарга Жеймс Клаппер ярьжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнгөрсөн жилд л гэхэд АНУ-д 2500 удаагийн халдлага бүртгэгдэж тагнуулын төв газар 150 хуудас сонсгол бэлтгэсэн байна. Сүүлийн үед АНУ-ын интернетийн үйлчилгээ эрхэлдэг томоохон байгууллагууд хамгаалалтын системээ сайжруулж байгаа ч үүнийг зогсоож чадахгүй байгаа юм.

ТОВШИЛТЫН ДАВАЛГАА…

Эдгээр дайралтууд зөвхөн АНУ-д хамаатай юу? Дайрагчдын зүгээс АНУ-ын мэдээллийг цуглуулах гэж халдаж байгаа ч цахим үйлчилгээний бүх томоохон сервер “Силикон Валли”-д оршидог гэдгийг мартах учиргүй. Чухам үүнээс болоод дэлхий даяарх хэрэглэгчдэд сөрөг нөлөөлөл нь мэдэгдэж байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Gmail-ын нийт хэрэглэгчдийн тоо 450 саяыг давсан бол Yahoo Mail үйлчилгээний хэрэглэгчид 281 саяыг давсан аж. Тиймээс дэлхий даяарх хэрэглэгчдэд чамгүй хэмжээгээр нөлөөлөх нь тодорхой. Сүүлийн жилүүдэд асар хурдацтай өргөжин тэлсээр байгаа Facebook ч цахим дайралтын гол бай болжээ. Хөгжиж буй орнууд тухайлбал зүүн европ, азийн жижиг орнууд, европийн холбооны улсуудад цахим дайралтын нөлөөлөл асар их. Учир нь нэгдсэн хамгаалалт байдаггүй эдгээр улсын хэрэглэгчдийн дийлэнх нь Gmail болоод Yahoo-гийн хэрэглэгчид болохоор үр дүн нь ийнхүү тусдаг аж.

Эдгээр эрсдэлийг тооцоолсон томоохон улс жишээлбэл Япон, Солонгос зэрэг улсууд өөрийн улсдаа хянаж болохуйц цахим шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн аж. Хэдийгээр Yahoo, Gmail-ыг бүрэн утгаар нь хаагаагүй ч тухайн улсын иргэдийн дийлэнх нь үндэсний “үйлдвэрлэл”-ээ дэмждэг гэхэд болно.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цахим дайралтыг хянаж чадахгүй байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ террористыг бүх нийтийн дайснаа болгохын тулд ямар олон золиос гаргасныг нь харвал цахим дайралт ч терроризмын нэгэн хэлбэр байж болох талтай. Аль нь ч бай, аль хэдийнэ цахим дайралт бүх дэлхийг түгшээгээд эхэлсэн.

P.S. 2011 оны 9-11 сарын хугацаанд Монгол Улсын Үндэсний дата төвд 119500 удаагийн дайралт бүртгэгджээ. Хамгийн харамсалтай нь эдгээрийн ихэнх нь төрийн байгууллагуудын мэдээллүүдэд скан хийх замаар мэдээлэл цуглуулах, тухайн сервер нь хэр зэрэг эмзэг вэ гэдгийг мэдэх зорилготой халдлагууд хийж байсан ажээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж