
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “ Монгол Улс өнгөрсөн 20 жил ардчилал хөгжлийн замаар замнахдаа иргэддээ иргэний эрх чөлөөг өгсөн хэдий ч эдийн засгийн эрх чөлөөг олгож чадаагүй байна гэж Ардчилсан нам үзсэн. Тиймээс эдийн засгийн эрх чөлөөнд ойрын 10 жилд хүргэх, түүнийг хэрэгжүүлэх үндэс нь “Монгол хүн 2020” хөтөлбөр гэж тодорхойлж байна. Хөтөлбөр хэрэгжихдээ засаг захиргааны хамгийн бага нэгжээс, анхан шатнаас, хувь хүнээс гарсан санал санаачилгууд дээр тулгуурласан байх юм. Хэлэлцүүлэг зохион байгуулаад орон нутгуудаар явахад иргэдийн эрх чөлөөний асуудал ч мөн тулгамдсан асуудал болсон байгаа. Иргэдийн эрх ашиг зөрчигддөг, эрүүл мэндээрээ хохирдог, өөрсдийнхөө баялгийг өөрсдөө ашиглаж чаддаггүй, засаг захиргаагаа иргэд нь сонгож чаддаггүй. Бүх зүйлийг дээрээс ирсэн тушаал, зарлигийн дагуу гүйцэтгэдэг тогтолцоо зонхилж байна. Ардчилсан нам үүний эсрэг байна. Тиймээс бид “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг ард иргэдээсээ босгож, тэдний үзэл бодлыг тусгахын тулд орон нутагт хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Үүнд аймгийн намын ХЭГ, түүн дотроо та бүхний оролцоо их гэдгийг хэлье” гэжээ.
“Монгол хүн 2020” хэлэлцүүлэг өнөөдрийн байдлаар зургаан аймагт болоод байгаа. Зургаан аймгийн асуудал зургаан өөр өнцөгтэй гарч ирж байна. Тиймдээ ч Монгол Улсын аймаг бүр, цаашилбал сум бүр өөр өөрийн хөтөлбөртэй болох үндэсийг энэхүү хөтөлбөр тавих аж. Орон нутагт тулгамдаж буй хэрнээ урьд өмнө нь тоож хэлэлцдэггүй байсан асуудлыг “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр бодитойгоор гарган, томоохон хөтөлбөр болгохоор төрийн бодлогын түвшинд ярьж буй нь ач холбогдолтой болж байгааг хэлэлцүүлэг зохион байгуулсан аймгийн намын удирдлагууд зөвлөгөөний үеэр онцолсон. Харин бусад төлөөлөгчид хэлэлцүүлэгтээ хэрхэн бэлдэж, өөрсдийнхөө аймагт тулгамдаж буй асуудлыг “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр хэрхэн хөндөж, хөгжлийнхөө төлөө гар нийлэх талаар санал солилцож, туршлага судалж байна. Зөвлөгөөн гурван өдөр үргэлжлэх аж. Өнөөдрийн зөвлөгөөнд Улс төрийн боловсролын академийн захирал Б.Баттүвшин, “Лектор” төвийн захирал Ц.Баатархүү, Ардчилсан намын нарийн бичгийн дарга П.Гантулга нарын илтгэл тавьжээ. Зөвлөгөөнд оролцогчид өнөөдөр сар бүр 21 аймгийн намын удирдлагуудтай холбогдож мэдээлэл хийдэг “Видео хурал”-д оролцон, Төрийн ордонд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Засгийн газрын гишүүдтэй уулзж, есөн цагаан туганд хүндэтгэл үзүүлэн гэнэ.