
Мөн шинэхэн хуулийн 6.7.14-д “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно” гэсэн заалт буй. Энэ заалтын дагуу 500 метрээр баримжаалаад үзэхээр нийслэлийн баруун дөрвөн замын хэсэгхэн газар л сул үлдэж байгаа зураг facebook-ээр тарсныг санаж байна. Дээрх заалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой дэлгүүрүүд өдрийн орлогоо алдаж байгаа тул уг хуулиас зөвхөн энэ заалтыг хасч өгөөч хэмээн хүсч байгаагаа дэлгүүр ажиллуулдаг хүмүүс өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн. Тэд “500 биш 100 метр” гэсэн нэртэй бүлгэм байгуулсан бөгөөд хасдаггүй юмаа гэхэд 100 метр болгон өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа аж. Тэдний хэлснээр дэлгүүрүүд байршлаасаа хамаараад 30-70 хүртэлх хувийн өдрийн орлого алдаж байгаа гэлээ. Тамхи авахаар хотын төвийг хөндлөн гулд туучлаа гэх хүн олон байна. Тамхи зарахаар зөвшөөрөгдсөн газар нь аль вэ гэхээр хариулт өгөх албаны хүн олдохгүй байна. Хориглочихоод байгаа ширхгийн тамхи аль хэдийнэ 100 төгрөгөөр нэмэгдээд 300 төгрөгөөр нүднээс далд зарагдсаар байгааг харин хууль баталсан эрхэм гишүүдэд ховлочихъё. Зөвхөн дэлгүүр ажиллуулдаг хүмүүс ч биш баар, рестораны бизнес эрхлэгчид орлого хомсдсоноо хэлж байна. Баар, ресторанд тамхи татахыг шинэ хуулиар хориглосон ч журам гарган тусгай зөвшөөрөл өгч эрх олгох аж. Ажлын байрны маань хажууханд байдаг цайны газар энэхүү зөвшөөрөл авахаар бүртгүүлээд байгаа бөгөөд “2000 гаруй газар аль хэдийнэ хүсэлтээ гаргасан байна лээ” хэмээн ярьж байна.
Эрхэм гишүүдийн гаргасан хуулийг хэрэгжүүлэх нь иргэн бидний үүрэг. Үүнийг бичсэнээр хуулийг хэрэгжүүлэхгүй хэмээн адарсангүй. Гагцхүү хэрэгжих боломжтой, нөхцөл байдлаа зөв тооцсон, сэтгэлийн хөөрөлд автаагүй хууль баталж хэрэгжүүлэх нь хууль тогтоогчдын үүрэг. Өнгөрсөн арав гаруй хоногийн байдлаар авч үзэхэд энэ хууль урт нэртэй хэмээн нэрлэж заншаад байгаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хуулийн адил хувь заяа хүлээж байна уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Хууль гэдэг бол “хэрэгжиж эхэллээ” гэдэг шидэт үг хэлээд биелчихдэг эд биш. Тиймээс баталсан нөхөд хуулиа хэрэгжүүлэхэд санаа тавих юм биш үү.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
