
Тааралдсан газраа морь харж зогсох эрийг Улаанбаатарын хаанаас ч харж болно. Тэвчээргүй нэг нь машинтайгаа замаас гарч явган зам дээгүүр давхиад өнгөрнө. Үүнийг нүүдлийн соёл гэж ойлгох уу.
Асар их зөрүүтэй хот, хөдөөгийн ялгааг ухаарахгүй нийслэлд орж ирсэн их нүүдэл өөрсдийг нь сэтгэлгээний ядууралд оруулчихсан гэдэг нь үнэний ортой. Улаанбаатарыг хүйтэн, утаатай, хогтой бохир хот гэж хэлэх нь бий. Зэвхий саарал шороон өнгө зонхилно. Салхин дээрээ утаа, оршуулга, хогийн цэг гээд болох болохгүй бүхэн бий. Хотод цагаан хурган дотортой дээл өмсөх аргагүй гэдгийн учир энэ.
Саяхан миний танил эмэгтэйг гадаадад олон улсын арга хэмжээнд оролцохоор очиход нь түүнтэй танилцсан хүн “Чамаас утаа үнэртээд байна. Танай хот утаатай гэдэг үнэн юм аа” гэжээ. Тэрбээр “Ямар их ичсэн гээч. Би куртикээ сайн угааж өмссөн юм шүү дээ.
Тэгэхэд л үнэртдэг байна шүү. Манай хот дэндүү байгаа биз” гэж ярьж билээ. Утаа үнэртүүлж явах ч энүүхэнд болжээ. Нүүдэллэгсэд хотод орж ирээд суурин соёлд яаж тасах вэ гэдгийг огт бодож үздэггүй нь өнөөдрийн Улаанбаатарын дүр төрхийг харуулж байна. Жилдээ 100 шахам мянган хүн ирж суурьшдаг гэх. Нэгэн жишээ дурдахад, Хөдөөгийн нэг эмэгтэй хотод ирж ажилд оржээ. Түүнийг ажлаас хоцроод, хөдөлгөөн удаан байсан учир дарга нь “Чи хот хөдөө хоёрыг ялгаж сур. Сумын төвийн хормойгоо өшигчсөн хүүхнүүдийн сэтгэлгээнээс салаач” гэж загнасан гэдэг. Түүнчлэн манай нэг ахмад сэтгүүлч “Хөдөөгөө орхин хотод нүүдэллэлж ирсэн залхуучууд” гэж бичсэн нь бий.Нүүдэлчнийхээ ахуй амьдралыг хадгалж яваа тэдхөдөөдөө дэндүү ажилсаг харагддаг. Биеэ авч яваа соёл нь хүртэл өөр юмсан. Зарим нь хотод орж ирэхээрээ арьчаагаа алдчихдаг дутагдлыг захын гэр хороололд харж болно.Дээлээ солихдоо хүртэл дэрэгдэхдээ биеээ харуулахгүй цэвэрхэн зөрүүлээд өмсчихдөг ичмхий зан монгол хүүхнүүдэд байсан. Энэ бол том соёл байлаа. Хөдөөд өссөн хүн өргөн мэдлэгтэй болдог гэж ярихыг сонссон юм байна. Монголын хөдөө тийм ч байхаас аргагүй. “Оросын тосгодод онцын сайхан хүүхнүүд бий” гэжОросын яруу найрагч Лермонтовын бичсэн шиг, яруу найрагчЦ.Хулан “Ааш нь эвдрээгүй Ази намба төрхийг хадгалсан хүүхнүүдийг Монголын хөдөөгөөс олж харна” гэж бичсэн нь юутай үнэн. Тэгвэл манайхангудамжинд таарахдаа “Юу байна” гэж мэндлээд “Юу ч байхгүй“ гэжхариулах ньмэндлэх, хүндлэх соёлоо гээчихсний тод жишээ.Нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил гэдгийг ялгаж салгах сөхөө алга.
Манай урдаа барьдаг архитектор Лувсандорж гуай нэг удаа “Улаанбаатарт 1940-өөд оноос өнөөдрийг хүртэл суулгаж тарьсан мод нь ургасан бол дэлхийд дээгүүрт орох ногоон хот байх байсан. Тарьсан модоо устгаад өдий хүрлээ. Суурин иргэншил гэдэг сэтгэлгээ яагаад суудаггүйгби гайхдаг” гэж билээ. Ганцхан алахмын цаагуур тойроод гарч болох цэцэрлэгийн хашаан дээгүүрдаваад гарна. Сүүлдээ хайс, хашаан дээр суугаад байхаар нь жадан үзүүртэй өндөр хашаабарьж“хашаатай хот” болж хувирсан. Зүлэг суулгаад нэмэргүй нь ойлгомжтой болсон. Арга ядахдаа, Баянгол дүүргийн III хорооллын нэг гудамжины хөл бөмбөгийн талбайд хиймэл ногоон зүлэг суулгасан байна билээ. Хятадаас хиймэл мод оруулж ирж гудамжаа чимдэг боллоо шүү дээ. Бидний энэ хотжоогүй, соёлгүй байдлыг гадныхан шоолж инээдэг юм гэнэ. Монголд ажиллаж байсан гадаадын иргэн нутагтаа очоод “Монголчууд ногоон гэрэл, цагаан шугамаар гарч сурдаггүй хүмүүс. Хамгийн эрсдэлтэй зүйл нь замаар гарах” гэж захисан байдаг. Нүхэн гарц байсаар байтал машины зам дээгүүр хөндлөн гүйлдэж амиа алдах нь их. Сурсан занг сураар боож болдоггүй гэдгийн жишээ энэ байлтай.
Социализмын үед хөдөөгийнхөнхот руу орохдоо хоног хугацааг нь заасан “Зам явах” гэдэг бичиг сумаасаа авч явдаг байсан. Дур зоргоороо хотод орж ирээд амьдарч болдоггүй хатуухан боловч тэр хэрэгтэй л зүйл байж. Үндсэн хуулиндаа заасан хаана ч амьдарч болох эрхээ эдэлж байгаа хэрнээ үүргээ мартчихсан нь муу муухай бүхний үндсийг ургуулж байна гэж хэлж болохоор.
Улаанбаатар гадныханд ямар хот болох нь гудамжнаасаа л танигдана. Өнөөдөр нийслэлийн гудамжаар хүн тээвэрлэж яваа нийтийн тээврийн автобусны жолооч нарын олонх нь хөдөөнийх гэдэг нь ажиглагддаг. Хувийн такси ч мөн адил, жолооч нь тостой хувцастай, суудлын бүрээс нь хүн суухын аргагүй халтар байхаас гадна хаалгыг нь жолоочоос өөр хүн онгойлгож чадахгүй эвдэрхий машинтай явж байх тохиолдол олон. Соёлтой үйлчилгээ үзүүлэхээ мэдэхгүй мөнгө олохоо түрүүлээд бодно. Түүгээр ч зогсохгүй зарим таксины жолооч хотод газар мэдэхгүй явахыг яана.
Нийслэл хүрээний оршин суугчид суурьшмал соёлд хэвшсэн, ундны усаа хүнээр зөөлгөж, захаас авсан эд зүлсээ хүнээр хүргүүлсэн ихээхэн ямбатай байсан гэдэг. Өнөөдөр хүн амынхаа талаас илүү хувийг нийслэлдээ бөөгнөрүүлээд, тэдний нэг хэсэгт нь ядуучууд нэр зүүлгэж, үдшээр хогоо сэмхэн чулуудчихдаг сэтгэлгээгбий болгожээ. Түүнчлэн нийслэлийн орон сууцны хорооллоор явахад цонхоороо хогоо хаядаг зан одоо ч хэвээрээ.1960 аад оны соёлын довтолгооны жилүүдэд хогтой бохир гудамж, айлын хашаанд гахай зүүж жигшүүлдэг байсан тухай ярьдаг. Гахай авсан байгууллага, айлын эзэд нүүр хийх газаргүй болдог байсан гэгддэг. Өнөөдөр Улаанбаатарт цасан дороос ногоо цухуйхыг харах бус хог гарч орчныг бохиртуулж буй л үздэг болсон. Салхи гарахад нүүрэн дээр юу ч ирж наалдаж мэднэ. Атарын аяны жишгээр соёлын довтолгооны хоёр дахь аяныг явуулж хотоо соёлжуулбал яасан юм бэ.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин