
Хүлгүүд багийн тухайд 9 жилийн хугацаанд лигийн шилдэг багуудын нэг байсан, харин Гарьдууд баг сүүлийн жилүүдэд хүчтэйгээр гарч ирж байгаа баг юм. Шилдгүүдийн халз тулаан гэдэг тодорхойлолттой ч тоглолтын утга яг тохирлоо.
Өмнө нь ийм хэмжээний халз тоглолтыг зохион байгуулаагүй болоод ч тэр үү, “Хасын хүлэгүүд” “Танан Гарьд” багийн өрсөлдөөнийг харах хүлээлт их байсан болоод ч тэр үү, спортын ордон сүүлийн жилүүдэд дүүрээгүйгээр дүүрч, үзэгчид урд эгнээнээс давсан юм.
Дөрвөн үеийн турш тэнцүү өрсөлдсөний эцэст “Танан Гарьд” баг 70-65 харьцаатай илүүрхэж нийт бооцооны 70 хувийг хожсон юм. Лигийн тэргүүн тоглогчийн шагналт Ихбаяр талбай дээр холбон тоглогчийн үүргээ жинхэнэ утгаар биелүүлснээс гадна, дасгалжуулагч Давхарбаярын хэрэгжүүлсэн тактик үр дүнтэй болсныг үр дүн баталлаа. Мөн Мөнхболд, Отгомөнх нар хэрэгтэй үед дунд болон холын зайн шидэлтүүдээ дараалан амжилттай болгосон нь хожилд хүргэх шалтгаан нь болсон. Хасын Хүлгүүд легионер тоглогчидтойгоо ойлголцол багатай, нэг баг болж амжаагүй гэдэг нь харагдсан. Гэхдээ хоёр багийн өрсөлдөөн зөвхөн үүгээр дуусахгүй юм. Дөрөвдүгээр сард МСБХ өөрийн лигийн тэмцээнийг эхлүүлэх бөгөөд “Танан Гарьд”, “Хасын Хүлгүүд”, Харцага гэсэн шилдэг багууд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.
Халз тоглолтын үеэр “Гурван охин” хамтлаг өөрсдийн уран бүтээлээсээ толилуулсан нь энэ оройн арга хэмжээний шигтгээ нь байлаа.