Хүүхдийн сувилал байгуулах санал тавив

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Хүүхдийн сувилал байгуулах санал тавив

Өвөрхангай аймгийн 110541 мянган хүн амын 29,1% буюу 32669 нь төрөх насны эмэгтэйчүүд, 34,8% буюу 38529 нь 15 хүртэлх насны хүүхэд, 30,6% буюу 11785 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байна. Жилд дунджаар 2600-2700 эх төрж, 2012 оны жилийн эцсийн байдлаар 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлт тутамд 27,0 промиль байгаа нь өмнөх оноос 18,5%-иар буурсан боловч улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байсаар байгаа юм.

Нялхсын эндэгдлийн 76,7% нь нярайн эндэгдэл бөгөөд шалтгаан нь тээлт богинотой, ураг төрөхийн жин багатай холбоотой эмгэг 40 %-ийг эзэлж байгаа аж. Мөн эндсэн нярайн эхийг нийгмийн талаас нь авч үзвэл 50% нь малчин, 25% нь эрхэлсэн ажилгүй, 6,2% нь оюутнууд ба 16% нь өрхийн тогтмол орлогогүй байна. Аймгийн хэмжээнд жилд дунджаар 2900 жирэмсэн эмэгтэй хяналтанд орсноор 45% нь өртөмтгий бүлгийн эмэгтэй эзэлж, өрхийн эмнэлгийн хяналтанд ордог аж.

Жирэмсэн эхийн хоол тэжээлийн дутагдал, эрхтэн тогтолцооны эмгэг нь жирэмсний явцыг хүндрүүлэх, дутуу төрөх, зулбах, ургийн өсөлт хөгжилт саатах, жин бага төрөх зэрэг эрсдэлт хүчин зүйлүүдийг бүрдүүлж байгаа тул дээрхи судалгааны дагуу эмзэг бүлгийн эх, хүүхдийн хоол тэжээлийн сувилал байгуулах саналыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газраас холбогдох газруудад уламжлаад байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу эх, хүүхдийн клиник байгуулах ажил нь төсөв хөрөнгө маш их шаардлагатайн дээр эмзэг бүлгийн эх, хүүхдэд төдийлөн хүрч чадахгүй гэж үзсэний улмаас эхний ээлжинд хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээ байгуулан эмзэг бүлгийн эх хүүхдэд хоол тэжээлийн тусламж үйлчилгээ хүргэх 10 орыг ажиллуулахаар санал оруулсныг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зардлын тооцоо болон бусад заалтыг нарийвчлан гаргахыг үүрэг болголоо.

Б.БАТЧИМЭГ
(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж