
Бурхны хоосон чанарын сургаальд номлосноор сүнс мөнх, харин бие мөнх бус. Хүн насан эцэслэж буй нь сүнс хувцсаа солих төдий юм. Сүнс нэг хувцсаа элээж дараагийн шинэ хувцсандаа орохыг төрөл арилжих хэмээнэ гэсэн байдаг. Буддистууд хойд нас гэдэгт бат нот итгэдгээс айл болгонд шахам өвөө эмээ, аав ээж, ах дүү, хамаатан садны сүнс гэгдэх хүүхэд бий. Бурхан болоочийн бие дээр тавьсан тэмдэг яг хэвээрээ аль нэг хүүхдийн бие дээр тодрон төрсөн тохиолдол ч байж л байдаг. Тиймээс бурхны шашинтнууд өөд болооч төрөл арилжиж хойд насандаа эргэн төрдөг гэдэгт ер нь л итгэдэг талын хүмүүс. Энэ талаар дагнан бүрлээчийн алтан савыг нээдэг лам нар байх бөгөөд тэд бурхны оронд одсон хүний сүнс хаана эргэж төрөхийг үр хүүхэд, төрөл саданд нь хэлж өгөх бөлгөө. Басхүү сайн төрөлд дээшлүүлэн төрүүлэхэд юу хийх хэрэгтэйг зааж зурж өгдөг зэргээс ухаж үзвэл буддын шашинтнууд хойд насанд хувилж төрөхийг их л чухалчилж үзнэ.
Бурхны шашны номд тэмдэглэснээр хойд дүр гэдэг нь өмнөх дүр таалал төгссөний дараа дахин төрснийг хэлнэ. Амьддаа өөрийн дүрийг дахин тодруулсан явдал ч байдаг ажээ. Түвдэд хойд дүрийг тодруулах ёс ХIII зуунд Гармагаржидын хойд дүрийг тодруулсан үеэс эхэлдэг хэмээн үздэг. Түүнээс хойш бараг есөн зууны турш арван долоон удаа Гармагаржидын дүр хувилан төржээ. Судар, шаштирт дурдсанаар Замбуутивд Гармагаржидын 21 дүр тодрох ёстой. Бурхны шашны Сажа, Гарма, Нимава, Гэлүгвагийн ёсонд хутагт хувилгаадыг тодруулах ёс өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
Зарим нэгний хойд дүрийг эрж хайж олж тодруулдаг бол заримдаа хойд дүрийг тэгж эрж хайх шаардлагагүй хэмээн үздэг ёс ч бий. Зонхаба богдын шавь Гэндэндарам Түвдийн Цанга нутагт Дашлхүмбэ хийдийг үүсгэн байгуулаад 1474 онд 84 насандаа таалал төгсөхөд түүний хойд дүр аяндаа тодорно хэмээн эрэл сурал бололгүй орхижээ. Түүнийг жанч халснаас хоёр жилийн дараа Түвдийн Цангад Санги Чопэл хэмээх хүүхэд мэндэлж, өмнөх амьдралаа огтхон ч түгдрэлгүй ярьсан тул түүнийг Гэндэндарам ламын хойд дүр хэмээн шууд залжээ.
Ер нь хутагт, хувилгаадын хойд дүрийг хэрхэн таньж олдог вэ. Хойд дүрийг тодруулахдаа өмнөх дүр нь хойд төрөлдөө хаана, хэзээ, хэнийд мэндлэхээ урьдчилан таамаглаж шавь нартаа захидал хэлбэрээр бичиж үлдээдэг нэг хэлбэр байдаг байна. Эсвэл өмнөх дүрийнхээ эдэлж хэрэглэж байсан эрхи, хонх, дамар, модон аяга, морь, эмээл, өмнөх дүрийн ойр дотны хүмүүсийг таньж байгаа эсэхийг шалгаж шинжиж үздэг арга байдаг аж. Түвдэд бол Лхас хотын өмнө этгээдэд орших Лхам Лацо гэдэг ариун нуурын усны мандал дээр үүссэн үсэг, дүрсээр тодруулдаг гэнэ. Хойд дүрд таарсан хэд хэдэн хүүхэд байх аваас тэдний нэрийг бичсэн сугалааг будаан дотор хийж сугалж тодруулдаг арга ч мөн дэлгэрчээ.
Хутагт хувилгаад, нэртэй том лам нарын хойд дүр тодруулах нь шарын шашны их том зан үйл юм. Хамгийн сүүлд л гэхэд Говийн ноён хутагтын есдүгээр дүрийг Далай ламтан тодруулж Энэтхэгийн Дармасала хотноо сэнтийд залах ёслол үйлдэн мандал өргөжээ. Говийн ноён хутагтын есдүгээр дүрээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын малчны хүү өдгөө 29 настай залуу О.Ууганбаяр тодорч, Данзанлувсантүдэв хэмээх сахилын нэр авчээ. Говийн ноён хутагтыг бид тавдугаар дүр Данзанравжаагаар сайн мэднэ. Хоёр зууны өмнөх үеийн говьд театр байгуулж, “Саран хөхөө” дуулалт жүжгийг малчдаар тоглуулж, “Үлэмжийн чанар” дууг зохиож, өнөөг хүртэл монголчуудын сэтгэлд амьдарсаар яваа Говийн догшин ноён хутагт Данзанравжаагаас хойш гурван ч дүр тодорч, сүүлийн дүр нь Данзанлувсантүдэв болоод байна.
Ганц Данзанлувсантүдэв ч биш, 1921 оноос хойш тасраад байсан олон хутагт хувилгаадын хойд дүр сүүлийн жилүүдэд тодроод буй. Өнгөрсөн 2012 оны эхээр IX Богдын лагшин чилээрхүү байсан үед Энэтхэгээс хутагт хувилгаадын хойд дүрүүд Монголд морилон ирж ном тавьж Богдтоныг луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны бэлэгт сайн өдөр таалал болтол сахиж саатсан байдаг. Тэдний дунд Манзушир хутагт, Ламын гэгээн, Жалханз хутагт, Ханчин ринбүүчи, Гечэн ринбуучи, Дугар зайсан, Гүшри хувилгаан, Сариадорж номун хан нарын хойд дүр багтаж, Төрийн ордонд зочлон Засгийн газрын Шадар сайд асан М.Энхболдод бараалхаж байсан юм. Тэд бүгд Жагарын оронд ном үзэж шавилан сууж буй залуучууд байв.
Дилов хутагтын хойд дүрээр АНУ-д төрсөн халимаг залуу тодорч Данзанламид гэсэн сахилын нэрийг Далай багшаас хүртэн өдгөө Халимагийн нийслэл Элстэй хотноо Алтан хийд хэмээх их хийдийг толгойлон сууж буй.
Өнгөрсөн жил жанч халсан IX Богдын хойд дүрийг тодруулах ажил ч шашны дэг жаягаараа нууцлаг байдлаар хийгдэж байгаа. Тэрбээр амьд ахуйдаа “Миний хойд дүр Монголоос тодорно” хэмээн тов тодорхой айлдсан байдаг. Мөн Дээрхийн гэгээнтэн XIY Далай лам ч өөрийн хойд дүрийг Монгол зэрэг орноос тодорч болно гэж айлджээ. Далай багштаны лагшин сэрүүн тунгалаг байгаа тул хойд дүр тодрох нь хожмын хэрэг. Харин нэгэн бэлэгт сайн өдөр IX Богдын хойд дүр Монголоос тодрохыг сүсэгтэн олон найдан хүлээж байгаа юм. Үүнийг мухар сүсэг хэмээн үл тоох хэсэг бий боловч бурхны шашинтны дийлэнх нь сүнс мөнх гэдэгт итгэдэг билээ.