“Сурагчдын лиг” тэмцээний шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

“Сурагчдын лиг” тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэл хотын өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн спортыг өргөн цар хүрээтэй хөгжүүлэх, сурагч багш нарын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой “Сурагчдын лиг” тэмцээн амжилттай өндөрлөж, аварга баг, шилдэг тоглогчид тодорлоо.

Тэмцээний ахлах насны ангилалд түрүүлсэн охид, хөвгүүдийн багууд ОХУ-ын “КЭС-Баскет” ТББ-ын урилгаар ирэх сард Пермь хотноо болох Бүх Оросын “Сурагчдын лиг” тэмцээний шигшээ тоглолтонд оролцох урилга гардах байсан нь тэмцээний өрсөлдөөнийг улам үзүүштэй болгов. Энэ ангиллын охидын алтан медалийн төлөөх тоглолтонд С.Сүхээ дасгалжуулагчтай БЗД-ийн 48-р сургуулийн баг өрсөлдөгч багаа буулган авснаар медалийн гол тавцанд зогссон бол Г.Алтанцэцэг дасгалжуулагчтай БГД-ийн “Сэтгэмж” сургуулийн баг мөнгө, Э.Оргил дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолборынхон хүрэл медалийн эзэд болж, Н.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай ХУД-ийн 15-р сургуулийн баг шагналт 4-р байрт оржээ. Энэхүү ангиллын “Шилдэг тоглогч”-оор мөнгөн медальт багийн тоглогч Н.Тунгалаг, “Шилдэг дасгалжуулагч”-аар түрүүлсэн багийн багш-дасгалжуулагч С.Сүхээ нар шалгарсан байна. 15-17 насны хөвгүүдийн өрсөлдөөнд Б.Дамба дасгалжуулагчтай СБД-ийн ССДуС-ийн тамирчин залуус итгэл төгс өнгөлж, А.Энхцэцэг дасгалжуулагчтай БЗД-ийн 84-р сургууль, Х.Батчулуун багштай Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн баг хамт олон алт, мөнгө, хүрэл медалийг энгэртээ зүүцгээв. Шагналт байрт Б.Цогбаясах дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийнхан орж, “Шилдэг тоглогч”-оор 48-р сургуулийн Д.Амартайван, “Шилдэг дасгалжуулагч”-аар аварга багийн багш Б.Дамба нар тус тус тодорлоо.

Дунд насны охидын багуудаас Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор /Дасгалжуулагч Х.Батчулуун/-ынхон СХД-ийн 42-р сургууль /Дасгалжуулагч Б.Буянжаргал/-ийн багийг илт илүүрхэн алтан медалийн болзол хангасан бол хүрэл медалийн төлөө тоглосон хоёр багаас Налайхын “Эрдмийн оргил” сургууль/Дасгалжуулагч Я.Мөнхнэмэх/-ийн тамирчид БГД-ийн “Эрдмийн ундраа” цогцолбор/Дасгалжуулагч Д.Нямдорж/-ын багийг хожив. “Шилдэг тоглогч”-оор алтан медальт багийн тоглогч Н.Одмичид, “Шилдэг дасгалжуулагч”-аар мөн багийн багш Б.Үүрдсайхан нар шалгарсан. 12-14 насны хөвгүүдийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөнд ХУД-ийн 52-р сургууль/Дасгалжуулагч У.Гэрэлт-Од/-ийн баг, Чингэлтэй дүүргийн 57-р сургууль/Дасгалжуулагч Ж.Баярзул/-ийн багийг ялсан бөгөөд удаах байрын төлөө Багануурын “Боловсрол” цогцолбор/Дасгалжуулагч Б.Үүрдсайхан/-ынхон Налайхын “Голомт” цогцолбор сургууль/Дасгалжуулагч Я.Мөнхнэмэх/-ийнхантай талбайд гарч, уурхайчдын өлгий хоёр нутгийнхан ач тач өрсөлдөн, Багануурчууд ялагчаар тодорсон байна. “Шилдэг тоглогч”-оор мөнгөн медальт багийн тоглогч Г.Батхишиг, “Шилдэг дасгалжуулагч”-аар тэргүүн багийг багш У.Гэрэлт-Од нар шалгарсан байна.

Бага насны охидын багуудаас ХУД-ийн 52-р сургууль /Дасгалжуулагч А.Сонинцэцэг/-ийн баг түрүүлэн, БГД-ийн 93-р сургууль /Дасгалжуулагч М.Ариунзаяа/-ийнхан тэдэнтэй түрүү булаалдав. 3-р байрын төлөө өрсөлдсөн багуудаас Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль /Дасгалжуулагч Ж.Түмэнжаргал/-ийн тамирчид Багануур дүүргийн “Гүн Галуутай” цогцолбор /Дасгалжуулагч Б.Нэргүй/-ын багийг хожин удаалсан байна. “Шилдэг тоглогч”-оор манлайлсан багийн тоглогч М.Цэлмэн, “Шилдэг дасгалжуулагч”-аар мөн багийн багш А.Сонинцэцэг нар нэрлэгдсэн бол энэ ангиллын хөвгүүдийн тэргүүн байрын төлөөх халз тулаанд БГД-ийн “Радуга” сургууль /Дасгалжуулагч В.В.Карнышева/-ийнхан 14:12-ын харьцаагаар СХД-ийн 65-р сургууль/Дасгалжуулагч Д.Энхцэцэг/-ийн багийг буулган авч аваргаллаа. Хүрэл медалийн төлөө Налайхын“Эрдмийн оргил” цогцолбор /Дасгалжуулагч К.Аянуур/-ынхон СБД-ийн Орос-Монголын хамтарсан 3-р сургууль/Дасгалжуулагч Е.Г.Непочатых/-ийн багийг ганцхан онооны зөрүүгээр буюу 13:12-ын харьцаатай ялжээ. “Шилдэг тоглогч”-оор “Радуга” сургуулийн Ж.Төгөлдөр, “Шилдэг дасгалжуулагч”-аар хүрэл медалийн эзэн багийн багш К.Аянуур нар тус тус тодоржээ. Нийслэлийн ЕБС-ын “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн тэмцээний “Шилдэг сургууль”-аар ХУД-ийн 52-р сургууль шалгарч, Нийслэлийн Боловсролын газрын тусгай шагнал болох 1.000.000 төгрөгийг гардан авлаа. Тэмцээний шилдгүүдэд шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай, НБТСГ-ын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн н.Гантулга нар гардуулж, баяр хүргэлээ гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж