Монголбанк, Засгийн газрын зүгээс инфляцийг бууруулахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг авч эхэлснээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Инфляци буурах хандлага ажиглагдаж байна уу?
Инфляци буурах хандлага тод ажиглагдаж байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2012 оны эхний 2 сарын улсын инфляци 5.4 хувь байсан бол энэ онд 2.8 хувьтай буюу 2 дахин бага байна. Харин жилийн инфляцийн хувьд 2012 оны 10 дугаар сард 15 хувь байсан бол энэ оны 2 дугаар сарын байдлаар 11.3 хувь болж буураад байна.
Инфляци буурч байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
Инфляцийн задаргааг бараа, бүтээгдэхүүний бүлгээр нь задлан үзвэл хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс илт саарсан дүр зураг харагдаж байна. Тухайлбал, мах, шатахууны дундаж үнийн өсөлт 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 2 дугаар сарын хооронд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2-2.5 дахин бага байгаа юм. Мөн импортын болон хүнсний бус бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт 2012 оны 12 дугаар сараас хойш саарч эхлээд байна. Эндээс Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн үр дүн гарч эхэлж байгааг харж болно. Түүнчлэн энэ оны эхнээс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн, сүүлийн жил гаруйн хугацаанд мөнгө, зээлийн өсөлт саарч байгаа зэрэг нь инфляци буурахад нөлөөлж байна.
Монголбанкнаас 2013 оны эцэст инфляцийн түвшинг 8 хувьд барих зорилт тавьсан. Энэ биелэлээ олох боломжтой юу?
Боломжтой. Өнгөрсөн оны сүүлийн хагаст 14-16 хувьтай байсан жилийн инфляци өнөөдөр 11.3 хувь болж буураад байгаа нь инфляцийг 8 хувьд хүргэх зорилтынхоо 50 хувьд хүрээд байгаа хэрэг юм. Бидний тооцоогоор цаашид нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл үргэлжлэн буурч, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байгаа. Өөрөөр хэлбэл, инфляцийн хэтийн хандлага зорилтот түвшинтэй нийцтэй байгаа юм.
Ийнхүү инфляци цаашид ч буурахаар байгаа бол Монголбанк дахиад бодлогын хүүгээ бууруулах уу?
Мөнгөний бодлогын зөвлөлийн дараагийн хурлаар бодлогын хүүг өөрчлөх эсэх талаар авч хэлэлцэхийг үгүйсгэхгүй. Одоогоор зөвлөлийн дараагийн хурлын тов тодорхой болоогүй байна. Инфляцийн цаашдын хандлага нь бодлогын хүүг өөрчлөх эсэхэд харгалзан үзэх зөвхөн нэг хүчин зүйл юм. Зөвлөл шийдвэрээ гаргахдаа үүнээс гадна бусад олон хүчин зүйлсийг давхар харгалзаж үздэг. Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын хувьд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдал нь бодлогын хүүг өөрчлөх эсэхэд зайлшгүй харгалзах шаардлагатай хүчин зүйл болж байгааг онцлон хэлэх нь зүйтэй болов уу.
Ярилцсанд баярлалаа.