
Ливийн Триполи хотод 51 хүн найруулсан хуурамч архинд хордож, харамсалтайгаар нас барсан байна. Ливийн эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн бямба гаригаас хойш Триполи хотын эмнэлэгт “найрка” архинд хордсон 378 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. ВВС-ийн мэдээлснээр хохирогчдын 13 нь хордлого тайлах эмчилгээ хийлгэхээр хөрш Тунисыг зорьсон ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Түүнчлэн Ливийн албаныхны мэдээлснээр метилийн спирт ихтэй хуурамч архинд хордсон хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Энэхүү хэргийн улмаас Ливийн эрүүл мэндийн яамнаас үндэсний эрүүл мэндийн онц байдал зарлажээ. Мөн албаныхан цагдаагийн тусгай мөрдөн шалгах баг гарган “найрка” архинуудыг хурааж авах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Ливид алкохол хэрэглэх, худалдах нь хориотой байдаг боловч хүмүүс хар захаар дамжуулан худалддаг байна.
Б.АНХТУЯА