Үндэсний баялаг гэр бүл, гэр бүлийн баялаг үр хүүхэд гэдэг үг бий. Гэтэл сүүлийн үед манай улсад хүүхэд хамгааллын асуудал орхигдож, хариуцлагагүй хайнга эцэг эхээс болж хүүхдийн эрх зөрчигдөх, эрүүл мэнд болон амь насаараа хохирох тэр ч бүү хэл гэмт хэргийн золиос болоод байна. Энэ тухай харамсалтай бас ноцтой мэдээлэл хүргэхэд сүүлийн үед Цагдаагийн байгууллагад хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг өдөр бүр шахам бүртгэгдэж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлэв. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд 38 иргэн өртжээ. Үүн дотроос төрсөн хүүхдээ хүчирхийлсэн гурав, дагавар хүүхдээ хүчиндсэн хоёр хэрэг бүртгэгдсэн байна.
Мөн гэмт хэргийн улмаас долоо хүртэлх насны 15 хүүхэд, 14-17 насны долоон хүүхэд амиа алдаж, 62 хүүхэд хүнд, хөнгөвтөр гэмтсэн гэх тоог цагдаагийн байгууллагаас хэлж байна. Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж, өнгөрсөн сарын сүүлчээр гэхэд 6-14 насны таван охин хойд аав болон, ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байна. Тухайн үед тэд өөрсдийгөө согтуу үедээ хүч хэрэглэсэн хэмээн цагдаад мэдүүлжээ. Дээрх хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн талаар судлаад үзэхэд ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар ээжийг нь архиар шахаж, унахаар энэ жигшүүрт хэргийг үйлдсэн аж. Ихэнхдээ амьжиргааны түвшин доогуур, аав ээжийн хараа хяналт сул байдгаас үүдэн бага насны охид хүчирхийлэлд өртдөг байна. Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн золиос болж буй газруудыг жагсаахад дийлэнх нь гэр, орцны жижүүрийн өрөөнд үйлдэгддэг байна. Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл нь тэдний халдашгүй дархан байдлыг алдагдуулах сөрөг үр дагавартай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн.
Цаашлаад хүүхэд эрүүл мэндээр хохирч, сурч боловсрох эрхээ хязгаарлуулж, цэцэг цэврүү шиг насандаа сэтгэлийн хар толбо, амьдрах итгэлгүй болж байгааг сэтгэл зүйчид хэлсэн. Тэд мөн энэ асуудалд аав ээж, асран хамгаалагч буруутай мэт нөгөө талаар төр буруутай. Тэдний төлөө төрөөс юу хийсэн юм. Хүүхэд ээж аавынхаа халуун хайр халамжинд өсч хүмүүжих ёстой гэв. Аав нь архи ууж зодож, ээж нь адалдаг болохоор өсвөр насны охид хөвгүүд гэр орноосоо дайжин буруу замаар ороод байна гэдгийг албаныхан хэлдэг. Нэг жишээ хэлэхэд тээж төрүүлчихээд, эцэст төөрүүлээд орхидог муухай араншинтай эцэг эхчүүд ч мэр сэр байдаг гэсэн.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн байранд гурван сартай охиноо орхиод явсан хэрэг гарчээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгахад 28 настай Ц охины төрсөн эцэг хаяад зугтаасан болохыг тогтоожээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн нутаг Нарангийн энгэрийн гудамжинд гурван сартай хүүг орхиод явсан хэрэг гарсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүрэгт нэг сартай хүүхэд учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийг шалгахад аав ээж хоёр нь тодорхой оршин суух хаяггүй, ээж нь биеэ үнэлэгч, аав нь архичин. Нэг сартай хүүхдээ айлд үлдээгээд төрсөн өдөрт явсан хойгуур нь хүүхдийг нь унагааж биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас амиа алдсан байжээ. Мөн эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүрэгт 11 сартай хүүхэд цэлцэгнүүр чихрэнд хахаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Түүчлэн хойд аавдаа зодуулж хэвтэрт ортлоо бэртсэн долоон настай хүүгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуу хоолойгоо нэгтгэж тэр хүүхдийн аюулгүй байдал, эрхийнх төлөө дуугарч, бичиж байж хүүг хамгаалалтад авсан. Гэвч түүний цаана мэдэгдэхгүй зодуур нүдүүрийн амт амсч нүдэндээ нулимстай байгаа хэчнээн хүүхэд байгааг хэн ч мэдэхгүй. Энэ мэтчилэн санаатай болон санамсаргүй байдлаар хүүхдийн эрх зөрчигдсөөр байх уу. Үнэндээ хүүхдийн эрх ашгийг хамгаалах ажил дутмаг. Хүүхдийн төлөө ажилладаг 100 гаруй төрийн болон төрийн бус байгууллага байдаг ч тэд нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл хийдэггүй. Юуны төлөө, хэний төлөө яаж ажиллаад байгаа нь бүрхэг. Тиймээс ирээдүй хойч үе, энэ амьдралын гэрэл гэгээ болсон сэтгэлд нь хир ч байхгүй хүүхдүүдээ төр анхааралдаа аваач ээ гэмээр.
Магадгүй хүүхдийн хувь заяа эцэг эхийн биш, төрийн гарт байж магадгүй шүү. Үүрэг хариуцлагаа алдсан эцэг эхчүүдийг эрхийг нь бүр хасъя. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөж эх оронд нь хэрэгтэй хүн болгон хүмүүжүүлье.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
