
Тэгтэл театрын удирдлагууд ийм сайхан шинэ хөгжимтэй болгож өгсөн төр засагтаа баярласнаа илэрхийлэхээр УИХ-ын эрхэм гишүүд, салбарын сайд, газрын дарга, хотын дарга, НИТХ-ын төлөөлөгчид, мөн гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрынхан гээд маш олон хүнд урилга илгээсэн юм байна л даа. Бид ийн улам хүчирхэгжлээ, уран бүтээлийг ундруулж өгнө, хамтарч ажиллая хэмээн урьж залах шаардлага байсан байж таарна. Ийм л бодлогоор уривал зохих хүмүүсийнхээ нэрсийг гаргаж байгаад хүндэтгэлийн гоё урилга илгээжээ.
Гэтэл ирсэн нь партер ч дүүрсэнгүй. Тайзнаа тоглох хөгжимчид, дуучид, хөтлөгчид ямар таагүй байсан бол. Тэд шилдэг уран бүтээлээсээ дээжлэн, заримыг нь зориуд зөвхөн энэ тоглолтод зориулж шинээр бэлтгэж тоглосон юм шүү дээ.
Театрын уламжлал, шинэ захирлын ширүүхэн тушаал ёсоор 17 цагт эхэлдэг тоглолтоос үзэгчид цаад тал нь 15 минут хоцрох л юм бол оруулахгүй. Замын бөглөө, түгжрэл ихтэй өнөөгийн нөхцөлийг харгалзан 15 минутаар харж үзэж буй юм билээ. “Шинэ хөгжмийн зэмсгийн баяр” тоглолт эхлэхээс 10 минутын өмнө гадаа “Энд гоё тоглолт болох гэж байгаа юм билээ. Тасалбар яаж авах вэ” гэсэн хэд хэдэн хүн билет борлуулагчийн хаалттай хаалгыг нэг татаж, нэг нүдэж зогссон. Сонсохнээ нэг байгууллага бололтой, 200 билет бага зэргийн хямдралтай үнээр авъя гэсэн байсан. Гэх мэтчилэн театрын тоглолтыг үзье, хөгжим сонсоё гэсэн үзэгч байсаар байтал хүндэтгэж залсан урилгад ирдэггүй бүдүүлэг, биеэ тоосон дарга нар, гадаадынханд дахин урилга өгч байх хэрэггүй юм. Эрхэм гишүүд, дарга нарын олонх нь угаас театрт ирэхээ мэддэггүй. Түүний оронд үнэтэй ресторан, мөрийтэй тоглоомын газар, магадгүй нүцгэн хүүхнүүд бүжиглэдэг газар өөрсдийг нь цэвэрхэн урхидаж ямар нэг бизнес, ашиг хонжооны тухай ярих гэсэн өөртэйгөө таарсан хүмүүсийн урилгад очихоо урьтал болгоно. Тийм гэгээн бус дотортой хүмүүст тансаг тоглолтынхоо үнэ цэнтэй урилгыг зориулах хэрэггүй юм. Тэдэнд ийм хүндэтгэл ахадна. Бохир гар, болхи сэтгэлгээтэй хүмүүст дуурь, балет, хөгжим дэндүү гоёдно. Урилаа гэж баярлахгүй, очно гэж цаг заваа зохицуулахгүй, амжихгүй бол яаралтай холбоо барьж талархсанаа илэрхийлээд суудлыг өөр хүнд өгч болохыг зөвшөөрөх ухамсар ч байхгүй. Харин түүний оронд тасалбараа кассаараа борлуулж, үзье гэсэн үнэнч үзэгчдэдээ хүндэтгэл үзүүлэх аваас театр, уран бүтээлчдэд өлзийтэйн зэрэгцээ дуурь, балет, хөгжмийн тоглолтын үзэгчид баярлаж, урлагийн үнэ цэнийг илүү тодотгох буюу.
Энд дарга нарын тухайд түлхүү гоншигонолоо. Нэгэн зүйлийг тодотгоход ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон газрын дарга Н.Оргил нар аппаратынхаа ажилтнуудтай ирж тоглолтыг таалан болгоосон. Тэд шилдэг хөгжимчдөд хүндэтгэл үзүүлж Засгийн газрын болон яамныхаа шагналыг ч гардуулсан. Мөн хүснэгтэд нэрс нь байгаа хүмүүсээс А.Ганбаатар зөвлөх, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд нарын хүн ирсэн байсныг дурдах хэрэгтэй юм.
Энэ удаагийн шинэ хөгжмийн баярт гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрынхнаас яагаад ирээгүй юм бол. Хэлэлцсэн мэт бүгд байхгүй байхад хэн ч гэсэн юу болов гэж бодохоор. Магадгүй дор бүрнээ өөр ажил эртнээс төлөвлөсөн байж болох. Театрынхан урилгаа өдөр цагийг нь тулгаж өгсөн бол яах ч аргагүй. Хааяа л болдог дан сонгодог хөгжмийн тоглолтыг уухайн тас дурлаж үздэг хүмүүс энэ удаа ямар шалтгааны улмаас ирээгүй юм бол.
Үзэгчээр буцалж байх болсон театр ийн нам гүм байхыг харах уйтай байсан тул учир шалтгааныг олохыг хүсч байдлыг шинжих зуураа нэгэн зүйлийг анзаарсан юм. Нэлээд хэдэн жилийн өмнөөс театр лоожнуудаа байнгын үзэгчдэд буюу улирал, хагас жил, жилээр худалдаж авах хүсэлтэй байгууллагуудад зардаг уламжлал тогтоогоод байсан юм. Лоож бүрийн хаалган дээр “Монгол сайхан сан”, “Би Ди Сэк” гэх зэрэг янз бүрийн байгууллагын хаяг хадаастай байдаг байсан. Тэд бол театрын бүхий л тоглолтыг тогтмол үзэж байхаар тасалбараа урьдчилж авсан, мөнгийг нь бөөнөөр төлсөн хүмүүс. Гэтэл тэр хаягууд алга болчихож. Учрыг лавлахад дахин тийм маягаар гэрээ хийхгүй гэсэн шийдвэр гарсан бололтой юм. Дэлхийн нэр хүндтэй театруудад байдаг нэг ёсондоо соёл, уламжлал болсон энэ журам хэнд ямар гай болсон юм бол. Театр хэдэн лоожтой билээ. Тэдний мөнгийг нь бөөнөөр урьдчилж төлчихөөд байгууллагынхнаа дуурь, балет, хөгжмийн тоглолт үзүүлж байдаг соёлтой, театр хэмээх ариун сүмд хэрхэн мөргөхөө, залбирахаа мэддэг дарга, захирал үзэгчдийг яагаад үргээв. Юунд Монголын хөгжим, театрын урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж байсан хичээл зүтгэлийг нь үгүйсгэж байгаа юм бол. Урлагт чин зүрхнээсээ дуртай, түүгээр гэр бүл нь амьсгалж байдаг эрхэм хүмүүс л театрын хөгжил, уран бүтээлчдийн ирээдүйн төлөө санаа тавьж, хөрөнгө зардаг билээ. Үүнийг менежментийн алдаа гэж харж байгаа бөгөөд шинэ захиралтай нь холбож үзэхгүй байгаагаа хэлье.
Харин Соёлын яамны зүгээс дэвшүүлсэн “Театрыг олигархиудаас салгана” гэсэн юунаас үүдэлтэй нь мэдэгдэхгүй бодлогын уршиг гэж ойлгож байна. Олигархи гэж театр, урлагийн хөгжилд санаа тавьдаг, эрүүл саруул саруул сэтгэлгээгээр бизнесээ хөгжүүлж явдаг хувийн хэвшил, компанийнхныг хэлээд байгаа юм уу. Эсвэл өнөөх урилга өгөөд залаад байхад ирдэггүй эрхэм гишүүд, шат шатны дарга нарыг гэж үзэж байна уу. Соёлын яамныхны харж буй өнцгөөс авч үзэхэд энэ тодорхойгүй. Бүр тэд олигархи гэж хэнийг хэлдгийг ялгаж салгадаг юм уу гэхээр. Бодлогынхоо яс модыг зөв босгож байгаад дараа дараагийн алхмуудыг хийхгүй бол соёл урлагийн байшин нь үзэгч хэмээх даацын ханагүйгээр байшин болохгүй билээ. Соёлын яамны мэргэжилтнүүд эрхбиш үүнийг мэдмээр.
Монгол Улс ардчиллын замыг сонгож, нийгэм шилжилтийн он жилүүдэд тарчилж байхад тайзаа, хөгжмөө, бэлтгэл сургуулилалтаа орхиогүй мэргэжлийн уран бүтээлчдийн тэсвэр, тэвчээр, мэргэжил, урлагаа, уран бүтээлээ гэсэн чин сэтгэлд суурилан нурчихалгүй дэнжигнэж ирсэн, эдүгээ хөгжлийн замд хөл тавиад буй мэргэжлийн урлагийн байгууллагуудын дотоод бодлого, менежментэд яам хэмээх нэрээр далайлгасан, мэдэх чадахаар маруухан нөхөд саад болохгүй байхыг хүсье. Урлагийн менежмент хэмээх хэн бүхний барьж аваад байдаггүй, арга, аргачлал, санаа сэдэл тусдаа ухааныг Монголын урлагийн хөгжлийн төлөө гавьяа шагнал горилолгүй зүтгэж ирсэн цөөн хэдэн хүн асар их үнэ цэнээр өнөө зэрэгт хүргэсэн билээ. Түүнээс биш өрөөнөөс нь өөр орчин байдгийг мэддэг үгүй нь мэдэгдэхгүй, цагаа бүртгүүлж, өмнөх цаасаа нухахаас илүү гардаггүй орон тоо бөглөсөн хэдэн хүн Монголын урлагийг хөгжүүлж яваа гэвэл эндүүрэл.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
