Латин Америкийн арлын маргаан Венесуэль улсын Ерөнхийлөгч агсан Уго Чевесийг нас барсаны дараа ийнхүү сөхөгдөж байгаа нь Латин Америкийн холбооны гишүүн орнуудын дургүйцлийг хүргэж байна. Тодруулбал, Их Британи, Аргентины хооронд удаан үргэлжилсэн хэрүүлийн алим болсон Фолклэнд арлын эзэмшигч нь өдийг хүртэл тодорхой бус байгаа. Олон улсын газар эзэмших тухай хууль, газрын маргааныг шийдвэрлэх тухай заалтад арлын харъяа анхны эзэмшигчээр тодорхойлох учиртай аж. Гэхдээ шинэ заалтаар харъяагүй арлын тухай хуульд сүүлийн 50 жилд эзэмшигч нь тодорхой бус байсан газар нутгийн эзэмшигчийг арлын иргэд буюу нутгийн санал асуулгаар шийдвэрлэж болно гэсэн заалт нэмэгдсэн талаар BBC агентлаг онцолсон.
Фолклэндийн арлын оршин суугчид өчигдөр арлын жинхэнэ харъяа улс орныг сонгох бүх нийтийн санал асуулгыг явуулсан. Санал асуулга өнөөдөр дуусгавар болно. Их Британи, Аргентин хоёрын аль нэг нь эзэмшигчээр тодорно. Өөрөөр хэлбэл, арал Их Британийн харъяа хэвээр үлдэх үү эсвэл Аргентины харъяа болох уу гэдгийг санал хураалтын дүн эцэслэн шийдэх талаар CNN агентлаг мэдээлэв.
Санал хураалтад нийт 1672 иргэн оролцож байгаа бөгөөд нийт арал дээр 2900 гаруй хүн амтай юм. Арлын төлөө дайн 1982 онд болж үүнийг “Фолклэндийн дайн” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хоёр сар гаруй үргэлжилсэн уг дайнд Их Британи ялалт байгуулж байсан бөгөөд дэлхийн шинэ газрын зурган дээр арлыг тодорхойлохыг шаардаж байжээ. Дайны уршигаар Аргентины талаас 650, Их Британийн талаас 255 хүн амиа алдаж, арлын гурван энгийн иргэн амь насаа алдаж байсан түүхтэй.
Арлын гол давуу тал нь газрын тос, байгалийн баялаг ихтэй. Тухайн үед буюу 1982 оны дайны дараа Их Британи өөрийн эзэмшлийн газар нутаг хэмээн уг арлыг дэлхийд зарласан. Гэвч Аргентины талаас арлыг тус улсын эзэмшилд оруулахгүйн тулд янз бүрийн арга хэрэглэсээр өдийг хүржээ. Дайны дараа Аргентины цэргийн зарим бааз арлаас ер холдоогүй бөгөөд одоо ч үйл ажиллагаа явуулдаг хэвээр аж.
Өнгөрсөн пүрэв гарагт Аргентины Ерөнхийлөгч Кристина Кришнер Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронд хаягласан ил захидал илгээжээ. Захидалд “Танай улсын колончлол үнэхээр хүчтэй юм. Гэхдээ Аргентин улс энэ газар нутгаа эргүүлэн авах болно” хэмээн өгүүлсэн байжээ.
Аргентины Ерөнхийлөгч Кристина Кришнер сүүлийн хоёр жилийн хугацаанд Фолклэндийн тухай асуудлыг хүчтэй хөндөж, НҮБ болоод бусад олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд руу захидал илгээж байсан. Тиймдээ ч олон улсын байгууллагад арлын талаар өөрсдийн байр суурийг бэхжүүлж, Их Британи улсад алдалгүй ирсэн. Хачирхалтай нь эдгээр байгууллагуудын зүгээс тодорхой хариуг одоо болтол ирүүлээгүй билээ. Их Британи улс 1982 оноос хойш энэхүү арлыг цэргийн бүс болгон ашиглаж байсан.
Аргентинчүүд өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон нэгэн үйл явдалын дараа Их Британийг шүүмжилж, арлын маргааныг сөхсөн үйл явдал болсон. Антарктидын ойролцоо орших Их Британийн мэдлийн нэгэн арлыг хатан хаан II Элизабетийн нэрээр хүндэтгэн нэрлэснээс хойш Аргентин улсад маш олон тооны эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Учир нь дээрх арал Аргентин улсын өмч бөгөөд тус улсын туг мандсан байдаг юм байна. “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн яг энэ асуудлаар уулзалдсан хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй гэдгийг Киршнер онцолж байсан. Тиймдээ ч Лондонгийн зуны Олимпийн үеэр Аргентины шигшээ багийн тамирчид Фолклэндын арлыг өөрийн газар нутаг гэдгийг гэрчлэх зурагт хуудсыг дэлхий нийтэд харуулсан.
Эрдэмтэд энэхүү арлыг XVII зуунд анх газрын зурагт тэмдэглэгдсэнээс хойш Испани, Франц зэрэг улсууд сонирхоцгоож, бага хэмжээний дайн дэгдээж байсан түүхтэй. Фолклэндийн арлын 320 км-ын радиус дотор 8,3 тэрбум баррель газрын тосны нөөц бий. Мэдээж газрын тосны нөөцийн тухай мэдээлэл дэлхий нийтэд ил болсноос хойш Аргентины компаниудын сонирхол ихэсч, шинжилгээний багуудаа ар, араас нь Фолклэнд рүү үе үе илгээдэг. Тиймээс энэ бол зүгээр л нэг газрын маргаан биш. Асар их мөнгөний тухай асуудал.
Санал хураалтын дүнгээс шинэ засаглал тодорхой болж, эдийн засгийн тусгаар тогтнолыг зарлах аж. Ажиглагчдын үзэж буйгаар тус улсын танхимын бүрэлдэхүүн, засаглалын хэлбэрийг барууны жишгээр шийдэх болов уу гэсэн таамаг бий.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
