
Ардчилсан нам дүрэмдээ өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. Ингэхдээ намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягаар ажлын хэсгээ ахлуулж буй. Одоогоор шинэчлэгдсэн ажлын хэсэг нь дүрмээ хэрхэн шинэчлэх талаар хуралдаагүй байгаа юм. Ямартай ч намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийн хэлснээр ирэх дөрөвдүгээр сард бүх үүрээрээ дүрмээ хэлэлцүүлэхээр болсон гэнэ. Ардчилсан намын хувьд Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа, УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль өөрчлөгдөж холимог системтэй болсон гэхчлэн олон асуудлын хүрээнд ийнхүү дүрмээ шинэчлэхэд хүрсэн аж. Ардчилсан нам гишүүнчлэлийн асуудлаа хэрхэх талаар намын гишүүдээ асуухаар зэхэж байгаа. Удирдлагуудын тухайд энэ асуудлаар хоёр янзын байр суурьтай байгаа аж. Тухайлбал намын хатуу гишүүнчлэлийг халах, нөгөөтэйгүүр хатуу гишүүнчлэл байх ёстой гэж. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь “Ер нь дэмжигч гишүүн, намын батлах авсан гишүүнийг хольж ойлгоод байна. Намын гишүүн гэж батлах авсан хүнээр хэмжээд байгаа. Түүнээс гадна намыг дэмждэг, үйл ажиллагаанд оролцдог, сонсдог хүмүүс байна. Харин намын батлах авсан хүмүүс бол үүрэг, хариуцлага хүлээдэг гэж ойлгож болно” гэж тайлбарласан. Тэгэхээр Ардчиллынхан үүрээр явж, гишүүдээрээ дэмжүүлвэл дэмжигч гишүүдийн статустай байж болохоор байгаа юм. Иргэний Зориг, Ногоон нам дэмжигч статусыг гаргаж, УИХ-ын гишүүн асан З.Алтай тус намын дэмжигч гишүүн болж байлаа. Үүнтэй адил Ардчиллынхан дэмжигч статусыг бий болгочихвол тус намын гишүүд Ардын нам, МАХН-нхныг ч дэмжиж болох юм шүү дээ. Ингэснээр хатуу гишүүнчлэлийг халж, намчирхсан байдал үгүй болж мэдэх юм. Түүнчлэн дүрмээ шинэчлэх бас нэг зорилго нь гишүүдийнхээ үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх гэнэ билээ. Эрх баригч нам болсон учир гишүүд нь дор бүртээ хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэх нь чухал байгаа бололтой. Тиймдээ ч дүрмээ шинэчлэх нь эхний алхам нь биз ээ.
Ардчилсан намын удирдлагуудын гаргасан шийдвэр залуусын дургүйцэлтэй тулгарсан юм. Тэд өөрсдөө намаа удирдах эрхийг эдлэхийн тулд Үндэсний зөвлөлдөх хороо болон нийслэл, дүүрэг, аймгийн анхан дунд шатны нөхөн сонгуулийг хойшлуулахаар болсон. Энэ нь Ардчилсан залуучуудын холбооныхны улс төр рүү орох, өсөж дэвжих гэсэн хүсэл мөрөөдлийг нь дарах шиг болсон биз. Магадгүй сүүлийн гурван жил намын дотоод сонгууль явуулаагүй байж энэ удаа дахин ийм шийдвэр гаргасан нь тэднийг намынхаа удирдлагуудад шаардах бичиг хүргэхэд нөлөөлсөн байх. Арга ч үгүй биз. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны дийлэнх гишүүн төрийн албанд ажиллаж байгаа. Харин үлдсэн хэсэг нь ротаци болохгүй гээд намын ажилдаа идэвхтэй оролцох нь багассан гэх. Тэгэхээр төрд ажиллаж буй хэд нь намд ажиллахгүй гэхээр яах аргагүй намын удирдлагад ажиллах боловсон хүчин үгүйлэгдэж байгаа нь лавтай. Гэтэл дархлагдсан дарга нар нь суудлаа тавьж өгөөгүйгээс болж залуучуудад нь ажиллах орон зай үлдсэнгүй. Энэ бүгдийг Ардчилсан намын залуус “Намын дотоод ардчилал хумигдчихсан байхад гадагшаа ардчилал, шинэчлэлийн тухай яриад ч яах вэ” хэмээн тодорхойлж байна. Ийнхүү намын дүрмийн өөрчлөлт, шинэчлэлт нь залууст нь таалагдахгүй байна. Харин гишүүнчлэлийн асуудал нь хэрхэх бол.
Ц.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
