Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Баяртай, утаа минь

“Зочин ирэх сайхан. Гэхдээ явах бүр ч сайхан” гэх үг бий. Харин улаанбаатарчуудад ирэх нь ч сайхан биш, явуулахын түүс болсон нэгэн зочин бий. Тэр бол мэдээж утаа. “Жиигээд” байхад л салж өгдөггүй дагуул шиг, явуулах гээд байхад л суугаад байдаг зочин шиг сүүлийн хэдэн жилийн турш жинхэнэ гай болсоор. 

Жил бүр л тэмцээд л байдаг. Үр дүнд хүрсэн гэх юм алга. Утаа 30 хувь нэмэгдэх байсныг 15 хувиар л нэмэгдүүлсэн гэдэг үр дүн бидэнд хэрэггүй. “Атамануудад зодуулахгүйн тулд хамгаалагч хөлслөхөд тэр нь хамгаалж чадахгүй хамтдаа зодуулчихаад, намайг байгаагүй бол над дээр буусан буулт бүр чам дээр буух байсан шүү. Ингэхээр би хэрэг болсон биз” гэдэгтэй бараг адил. Би бага зодуулах биш, огтхон ч зодуулмааргүй байна. Хэрэв ингэж чадахгүй бол хамгаалагч гээд байхын хэрэг ч алга.

Утааны асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярьж, олон нийтийн хэлэлцүүлэг явуулж, төсөл хөтөлбөрүүд шалгаруулж, агентлагын түвшинд ажиллаад утааг багасгаж чадахгүй бол утаатай тэмцэх арга чинь болохгүй байгаа л гэсэн үг.

Утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг зарлалаа. Агаарын бохирдлоороо эхний аравт байсан бол тавд орж урагшиллаа. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөрөө ч удахгүй дэлхийд тэргүүлэх болзлыг хангалаа.

Ядаж агаарын бохирдолтой хийх тэмцэл нь өвлийн улиралд л идэвхиждэг байдлаа өөрчлөхгүй бол ирэх өвөл утаа дахиад л ирнэ. “Утаатай өвөл биш зун тэмцдэг” гэх үгийг нэгэн мэргэжилтэн зүгээр ч нэг хэлээгүй л байх. Амарч цэнгэх, зугаацах, ажлаа цалгардуулалгүй зунжингаа утаатай тэмцэе. Онцгой комисс, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь ч давтамж ихтэйхэн шиг хуралдая. Баавгайг ичээнд нь гэдэг шиг утааг байхгүйд нь устгачихья. Тэгж чадвал түр биш, бүр баяртай гэнэ шүү дээ. 

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж