
Ээжийгээ санаад л тэгсэн байх.
“Өвсний чимээнд автаад
Өдөржин суулаа ээж ээ…
Өндгөндөө хоргодсон шувууны
Шаналанг тэндээс сонслоо
Өвсний чимээнд автаад л…” гэж Л.Ганзул найрагч саяхан бичжээ. Ингээд та бүхэнд ижийгээ санасан энэ цагийн нэгэн авьяаслаг яруу найрагчийн чин сэтгэлийн яриаг хүргэж байна.
-Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж эмэгтэй хүнд хаягласан шүлэг тэрлэдэг яруу найрагчтай ярилцъя гэсэн юм?
-Тэр нь би болж таараад байна уу.
-Таныг оюутан цагаа “Тэнгэрийн цэцэг”, “Гомдох эрхгүй сэтгэл” гээд л олон сайхан хайрын шүлгүүдээрээ гайхуулж явсан болохоор тань ярилцах санаа төрсөн юм?
-Яах вэ. Оюутан байхад нэрлэсэн шүлэгтэй нэгнээ дуурайж бичих өвчин байж л байлаа. Гэхдээ яг тэр эмэгтэйд зориулж бичсэн юм гэж зарлаад байх нь сайхан биш. Тэр бол нандин зүйл байхгүй юу. Миний хувьд эмэгтэй хүнд зориулсан олон шүлэг байдаг. Тэр дундаа ээждээ. Ээж маань миний шүлэг бичих шалтгаан. Хүн болж төсрнөөс хойш мөнхийн уяатай явдаг хүн бол ээж шүү дээ. Надад аавдаа зориулсан шүлэг бараг байдаггүй юм. Ээжийнхээ тэвэрт бүүвэйлүүлж, уярал дор нь хүн болсон болоод тэр үү, ээждээ л шүлэг бичээд байх тусам дахиад л төрөөд байдаг юм. Бүсгүй хүнийг би зөөлөн байгаасай гэсэн сэтгэлээр олон шүлэг бичсэн.
-Зохиолч яруу найрагчдын хувьд нууц нэрээр шүлэг бичих тохиолдол олон байдаг. Жишээ нь О.Дашбалбар агсны шүлгүүдэд гардаг Анимаа хэмээх бүсгүйн талаар хүмүүс тэр бүр мэддэгүй. Таны хувьд нууц нэрээр шүлэг бичдэг үү. Олж уншиж байгаагүй юм байна?
-Г.Нэргүйгийн “Тэр бүсгүй” шүлгийг уншаад хүн Өлзийтөгст зориулсан гээд л шууд мэддэг биз дээ. Анимаагийн тухайд нууц хэвээрээ л үлдсэн. Таньж мэдэх хүмүүс нь л мэдэхээс тэр бүр хүн мэдэхгүй. Миний хувьд хэн нэгэн эмэгтэйд шүлэг зориуллаа ч эл гаргаад байхыг нэг их хүсдэггүй. Тэр бол нууцаараа үлдэх ёстой юм. Ер нь шүлгээс хайр бүтнэ гэж байдаггүй шүү дээ. Явж явж хайраас л шүлэг бүтдэг байхгүй юу. Ээжийн минь хайраас, тэр бүсгүйг хайрласан хайраас. Хамгийн нандин зүйл бол эмэгтэй хүн байж байж л шүлэг төрдөг биз дээ. Уулзах болгонд минь итгэл, ухаарал, өгдөг эмэгтэй хүн цөөхөн шүү. Эмэгтэй хүнээс гэрэл гэгээ цацарч байхад сэтгэл ч гэсэн дагаад төлжиж байдаг гэж би боддог юм.
-Гэрэл гэгээ цацруулдаг эмэгтэй мэдээж сайхан байх. Л.Ганзул гэдэг найрагчийн сайхан эмэгтэйн тухай бодол сонин санагдлаа?
-Сайхан эмэгтэй гэвэл миний ээжээс эхэлнэ. Хүний сэтгэлд гэрэл тарьсан эмэгтэй хүн болгоныг би сайхан эмэгтэй гэж ойлгодог. Хөдөө явж байгаад айлд ороход цай хийж өгч инээмсэглэж байгаа монгол эмэгтэй байдаг даа. Танихгүй ч гэсэн таньдаг юм шиг угтдаг эмэгтэй болгон сайхан. Ижий минь ийм байсан болохоор надад тийм л эмэгтэй сайхан төсөөлөгддөг байх. Эх хүн дэлхийг өөртэйгөө, хүүтэйгээ хамтад нь тэвэрч байдаг. Шоронгийн хаалга татсан нөхөр ч гэсэн ээждээ л тэврүүлж хүн болсон шүү дээ. Тийм ч болохоор ээж бүхэн нандин. Бүсгүй хүн ээж байх тухай дандаа боддог байх ёстой. Эрэгтэй хүн ээжийнхээ өөдөөс яаж очих тухай боддог байх ёстой. Миний сэтгэлд нэг бодол багтаж явдаг юм. Тэр бол ээжийгээ, өөрийгөө хайрладаг хүн болгоныг дээдлэх ёстой гэж. Тэгээд ээжийгээ аль болох навтайлгахгүйгээр амьдрах ёстой гэж. Би л гэхэд хүн харахад нэг их ээжийнхээ тухай шүлэг бичиж, баярлуулж явсан яруу найрагч. Гэвч зөндөө гомдоож байжээ. Би ижийгээ өнгөрч байхад нь хажууд нь байхдаа маргааш амьд байх юм шиг бодож байж. Амьд байх юм шиг бодоод л тоглоом наргиан хийж суусан. Одоо бол миний ээж сэтгэл дотор минь мөнхийн урлаатай явдаг юм. Нэг их сайхан явбал ээж минь баярлаад инээмсэглэсэн, жаахан гундуу явбал уйтгартай харж зогсдог ийм л нандин холбоотой явдаг юм
.
-Ээжийгээ хамгийн их баярлуулсан үеэ дурсахгүй юу?
-Баярлуулж чадаагүй шүү дээ би, ээжийгээ. Баярласан байгаасай гэж боддог зүйл олон байдаг. Намайг оюутан боллоо гэж ээж минь нэг их цэцэг өндөлзтөл баярлаж билээ. Ээжтэйгээ тэрэг, шар хөтөлчихсөн усанд явж байхдаа хүүхдийн гэнэн сэтгэлээр “Би таныгаа ийм өндөр давхар байшинд амьдруулна” гэж хэлж байсан юм. Сонинд мэдээ бичихэд их мөнгө олдог тухай ах нарын яриаг сонссон байхгүй юу. Тэгээд олсон мөнгөө ээждээ явуулна гэж бодсон хэрэг. Тэгээд л их л баярлуулна даа гэж бодож байж билээ. Муу ээж минь хүүгээ оюутан боллоо гэж их л хөөрсөн санагддаг юм. Түүнээс хойш нэг яруу найргийн наадамд түрүүлж их л баярлуулж байсан.
-Ээждээ зориулж бичсэн тэр олон шүлгээсээ өөрийн биеээр ээждээ уншиж өгч байв уу?
-Уншиж өгч байсан. Ээж минь тоогоогүй л дээ. Тоогоогүй гэхэд хаашаа юм, дотроо нулимстай л хүн байж дээ. Ер нь нулимс унагадаггүй хүн байсан.
-Хоёулаа ээжийн тухай нэлээн ярилаа. Эмэгтэй хүнд зориулсан шүлгийнхээ тухай яриа руугаа оръё. Дурласан үед хайрын шүлэг их төрдөг гэх юм билээ. Таны хувьд?
-Хамгийн гол нь тэр хайр таны сэтгэлийн хаана очиж байна гэдгээс хамаарах юм шиг. Сэтгэлийн хаалгыг татаад буцав уу, эсвэл хойморт нь заларсан уу гээд л. Хайрын шүлэг төрөх нь тэр бүр олдоод байдаг юм биш. Хүнийг хайрлаагүй бол Л.Ганзул биш, хайрлуулаагүй бол хэн ч биш. Нөгөөтэйгүүр хайр гэдэг бол надаас хамааралтай юм биш. Хаа нэг газраас намайг тоож ирдэг тийм их зантай зүйл. Хайраас л болж хүн өөрийгөө хэн бэ гэдгээ олдог. Нэг их өрдөөд баймаар хайр ирэх юм бол би шүлэг бичдэг юм. Нэг ёсондоо шүлгээрээ өрддөг гэсэн үг. Миний тэр өрдсөн галаас хүмүүс зучил авч нэг нэгдээ түгээгээсэй гэж бодоод л би шүлэг бичдэг юм. Хайрын тухай ярихад ухаан багадмаар… Хайр гэдэг халтирч унамаар нэг тийм зүйл.
-“Та үнэхээр сайхан төрсөн бол ухаантай байх албагүй” гэдэг үгтэй санал нийлэх үү?
-Гоё эмэгтэйн тухай ярихаар өөрийн эрхгүй л Ламноржмаа санаанд буудаг юм. Тийм гоё эмэгтэй өөр хаана ч надтай тааралддаггүй юм. Лхамноржмаа гандаасаа ч дотроосоо ч гэрэлтдэг. Ийм нандин хүн цөөхөн. Хүн харахад дүүхэлзсэн, их зантай хүн дээ. Гэхдээ их зангийнх нь ард юу ч нуугдаагүй. Хямсайсан юм шиг мөртлөө их сайхан хүн шүү. Лхамааг би сайхан эмэгтэй гэж хаана ч хэлнэ. Муу, сайнаа ялгалгүй дэлгэчихдэг. Тэгэхээр энэ үгийг би эгдүүцмээр хүлээн авч байна. Нөгөөтэйгүүр эмэгтэй хүн бардам, гэгээн байх ёстой. Эрчүүдээр хайрлуулж чадаж байгаагийнхаа төлөө эргээд хайраа харамладаггүй байх ёстой юм.
-Тэгэхлээр дотоод сэтгэлийн галыг их хүсдэг гэж ойлгож болох нь ээ. Ер нь яруу найрагчдийн хувьд тиймэрхүү байдаг юм шиг байгаа юм?
-Манай гэрт хүн яваад ороход зууханд маань гал байна уу үгүй юу хамаагүй. Сэтгэлд нь гал байна уу гэдэг чухал. Сэтгэлдээ гал тээж яваа хүн болгонд л хүмүүс хайртай байдаг. Ээждээ яагаад хайртай байдгийн нууц гэвэл хүүгээ харсан ээжийн сэтгэл үргэлж галтай байдагт л байдаг. Яруу найрагчид бол өрдсөн ч, өрдөөгүй ч өөрөөсөө галтай явдаг хүмүүс.
-Таныг “Төгөлдөр гоо” дуугаа хэн нэгэнд зориулж бичсэн гэж хүмүүс ойлгодог. Нууц биш бол хэнд зориулсан юм бэ?
-Нууц амрагийн дуу л даа. “Аргагүй амраг”-тай барьцаж хийсэн дуу юм. Хэн нэгэнд зориулсан биш бүтээлтэй барьцсандаа бичсэн юм. “Ийм нэг гоё дуутай болох юмсан” гэдэг оргилсон сэтгэлээс гарсан байхгүй юу. Ардын дуутай барьцаж, ардын дууны сэтгэлийг ойлгох гэж оролдсон дуу. Тэр сэтгэлийг ойлгож аялгууг нь сайн хийсэн байна билээ. Дуучин нь түүнийг ойлгоод дуулчихсан. Би дуу болсон гэж боддог шүү.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
