МАН-ын шинэчлэлийн хөзөр буюу Ө.Энхтүвшингийн захидал

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

МАН-ын шинэчлэлийн хөзөр буюу Ө.Энхтүвшингийн захидал

Цагаан сарын дараахан МАН-ын дарга Ө.Энхтүвшин гишүүд дэмжигчдэдээ хандаж  уртаас урт захидал илгээсэн.

Захидал бэлгэдэл, романтик шинжээсээ илүүтэй намын амьдралын наадах цаадах, гишүүд олон түмний санаа бодлын хөрсөн дээрээс хийсэн үнэлэлт үнэлэмжийг агуулж байгаагаар үнэ цэнэтэй. Намын ажлын гинжин хэлхээ хаанаа хэмнэл алдаад, тэр нь юунаас шалтгаалаад байгааг захидалд тодорхой дурдсан. Ингэхдээ мөнөөх намын нэр хүнд, дотоод асуудал энэ тэр гэхчлэн хааж халхалдаг, өнгө будгийг нь сэргээн харуулах гэсэн оролдлогоос холуур тойрчээ. Захидал нийтлэгдсэний дараа намын ажил жинхэнэ хөрсөн дээрээ бууж байна хэмээн ярьж байгаа гишүүд дэмжигчидтэй таарч байна. Энэ ч бас нэг юм хэлээд байгаа хэрэг. Буруу зөвөө олон түмнийхээ дэнсэн дээр тавьж байгаа болохоор тэр биз. Намын ажил амьдралаас улам бүр алсарч, жингүйдэж байгаа тухай бүр сонгуулиас өмнө л чих дэлсдэг байсан. Харин дараалсан хоёр сонгуульд ялагдал хүлээсэн нь гэнэтийн юм биш, хэдэн жилийн өмнөөс уг учиг нь хөвөрч эхэлжээ.

ЯЛАГДЛЫН ДАРААХ СОРИЛТ ХАРИУЦЛАГЫН ӨМНӨ

МАН нэн хариуцлагатай хүнд сорилтын өмнө байгааг  намын даргын хувьд Ө.Энхтүвшин  шууд хүлээн зөвшөөрсөн байна билээ.  Гэхдээ тус намын хувьд ийм сорилт ганц энэ удаа тохиож байгаа бус. Тэр бүрийг хамтын оюун ухаан, хүч чармайлтаар даван туулсаар ирсэн нь бас нэг түүхэн үнэн. Улс төрийн ууган хүчин, хийсэн бүтээсэн юмтай, улс орныг эгзэгтэй цаг үед нь өсгөж өндийлгөсөн гэх зэрэг тодотгол хэнтэй ч хуваалцахгүйгээр энэ намд ногддог.

Үүнийг ард түмэн ч хүлээн зөвшөөрдөг. Түүхэн урт цаг хугацаа улиран одож, нийгмийн ааш араншин  хэдэнтээ хувьсан өөрчлөгдөж байлаа ч намын зангараг хэмээн бидний нэрлэдэг намын төлөвшил, буурь сууриа  хэзээ ч гээж байгаагүй гэлцдэг билээ.  Тиймээс энэ намын зангараг, ноён нуруу, боловсон хүчнийх нь боломж чад­варт итгэхгүй байхын аргагүй мэт харагддаг. Тэгээд ч хааны алба халаатай, эзний алба ээлжтэй байдаг хойно. Ялагдлын тухайд гэвэл гайхаж гаслаад байх зүйл огт биш шиг санагддаг. Улс орны удирдлагаас явж л байдаг, эргээд ирж л байдаг нь намын амьдралын л нэг хэм хэмжээ шүү дээ. Гэхдээ онцлох нэг зүйл гэвэл энэ намаас ард түмэн ихийг хүлээдгийнхээ хэрээр бас өндөр хариуцлага тооцож чаддагийн  илэрхийлэл нь энэ өнгөрсөн сонгууль байсан юм. Харин намын даргын хувьд энэ ялагдлыг хатуу, тодорхой байр сууринаас авч үзэж байгаа бөгөөд “Өнөөдөр манай намд бий болсон нөхцөл байдал бол зөвхөн ялагдлын дараах улс төрийн хүчнүүдэд тохиолддог ердийн нэг хүндрэл биш ээ… нэлээд эртнээс эхэлсэн, ужгирсан, олон үе шаттай үйл явц мөн” гэж дүгнэсэн байна билээ.  Энэ бол намын дарга хүний хэлэх ёстой үг, хийх учиртай дүгнэлт байж таарна. Нам бол аль ч талаасаа амьд эд эс. Хөгжил хөдөлгөөн, үзэл баримтлал, олон нийтийг уриалан дуудах чадвар гэхчлэн олон нөхцөл шалтгаанаар тодотгож тодорхойлж болно. Чухамдаа тийм амьд эд эс учраас л алдаж асгах, онож олохын аль аль нь байдаг. Ялгаа байхгүй, яг л тийм зүй  зохис, зөрөг харгуйгаар МАН явж байна. Ялагдал бол ялалтын урьдач гэж ярилцдаг. Алдсанаа анзаарч, сонгуулийн ялагдлын шалтгаанаа үнэн зөвөөр тооцож тодорхойлох нь одоо юунаас ч чухал. Харин энэ шалтгааныг намын дарга нар эсвэл  удирдах зөвлөл гэхчлэн цөөн хэдэн дарга нар тэрүүхэн тэндээ хэлэлцэхийн оронд өргөн олноороо, нийт гишүүд дэмжигчдийнхээ хүрээнд ярьж хэлэлцэх нь чухал гэдгийг  дээрхи захидал нотолж байна. Өөрөөр хэлбэл МАН гэх улс төрийн ууган хүчин улс орон даяар нээлттэй, ил тод ажиллаж эхэлж байна. Сайн, муугаа ялгаагүй илэн далангүйгээр дэлгэн тавьж байна. Бүгдээрээ  яривал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэсэн зарчмаар  хандаж байгаа бололтой.

Захидалд намын өнгөрсөн хийгээд өнөө үеийн байдал, бодлого зорилт,  алдаа оноо, энэ намыг эргэн тэнхээжүүлэх ямар боломж бололцоо байгааг намын даргын хувьд санаа бодлоо дэлгэрэнгүй, нээлттэй, ил тодоор илэрхийлсэн байна билээ. Нээлтэй байна гэдэг хүчирхэгжих нэг алхам мөнөөс мөн. Урьд нь энэ нам ийм байгаагүй. Нууцлаг, өөр дуу хоолойг сонсдоггүй, хүлээн зөвшөөрч чаддаггүй, тэрүүхэн тэндээ аливаа шийдэлд хүрдэг  байсан. Үүнийг нам дотооддоо эвтэй найртай байгаагаа харуулах нэг боломж гэж үздэг байв. Харамсалтай нь энэ бүхэн нам доторх ардчиллаа алгуурхан гээж байсан хэрэг. Үүнээс шалтгаалан хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн олон гишүүдийнхээ урмыг хугалж, “амьгүй албат” болгосон байж мэднэ.  Нам одоо энэ асуудлыг эргэн сөхөж байна. “Намаа шинэчлэх, гишүүд, дэмжигчдийнхээ урам зоригийг сэргээж, идэвх санаачлагыг нь дээшлүүлэх талаар цогц арга хэмжээ авах шаардлагатай” байгааг намын дарга нь онцолсон байна билээ.

Өнгөрсөн сонгуулийн ялагдал нь олон жилийн өмнөөс намын нэр хүнд хөрс сууриараа ганхаж эхэлсэнтэй холбоотой гэжээ. Намын нэр хүнд яагаад ингэж доошлох болов.  Хэд хэдэн учир шалтгаан бий.

2000 оны сонгуулиас хойш намд халдварласан  “биеэ тоож бардамнах өвчин”  бол үүний нэг шалтгаан гэжээ.  Олон түмнээс тасарсан, лидерийг бүхний дээр тавих гэсэн энэ хандлага зэргээс болж   2004 оны сонгуульд том цохилт авч 72 суудлаа 36 болгож хоёр дахин багасгасан. Тэгээд үүн дээрээ сургамж авахын оронд сөрөг хүчинтэйгээ  “Бүдүүн эвсэл” болж улс улс төрийн наад захын соёл, хэм хэмжээ дээгүүр гишгэж байсан. Залгуулаад 2008 оны сонгуульд олонхи болсон хэрнээ дахиад цөөнхтэйгээ эвсчихсэн.

Сонгогчдын сонголтыг үл хүн­дэт­гэсэн, хариуцлагаа дундлах, ханцуйндаа хуваах гэсэн энэ мэт увайгүй гэмээр алхам нь намын талаарх үнэлэмжинд тун таагүй  ул мөр үлдээсэн юм. Үүний үр дагавар нь 2012 оны сонгууль байв.

Сонгуульд амжилтгүй орол­­цоход сонгогчдын санал хуваагд­сан нь мэдээж нөлөөлсөн байж таарна. Уугуул нэрээ эргүүлэн авсныг буруутгах шалтгаан байхгүй. Энэ бол хэзээ нэгэн цагт хийгдэх л алхам байсан юм. Хийсэн нь ингэж таарсан. Гэхдээ нэрнээс болж ялагдсан гэж үзэх  шалтгаан байхгүй.

Өмнөд Солонгосын “Сэнүри” нам парламентын сонгуулиасаа хэдхэн сарын өмнө нэрээ сольсон ч итгэлтэй ялалт байгуулсан. Удаалаад Ерөнхийлөгчийн сон­гуульдаа ялалт байгуулчихлаа. Ийм бэлээхэн жишээ бидэнд байна.

МАН бол яаж ч бодсон Монголын улс төрийн том хүчин. Эргэн санах түүхтэй, угтан харах ирээдүйтэй, ийм л нам. Цаг цагийн сорилтуудыг давсаар ирсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүчин. Монголын ард түмний үе үеийн түүх, ажил амьдрал МАН-тай холбогдоно. Энэ намын талаар сайн саар янз бүрийн л санаа бодол цухалзаж байдаг. Зарим нэг нь хазайсан дээр нь түлхээд унагачихъя гэсэн санаа оноо илэрхийлж байхад нөгөө нэг хэсэг нь хариуцлага үүрч итгэл даах улс төрийн хүчин хэмээн ирээдүйг нь өөдрөгөөр харж байх жишээний. Харин нэгэнт сонгогчид нь өнгөрсөн хоёр сонгуулиар хариуцлагаа тооцчихсон болохоор энэ нам одоо яаж шинэчлэгдэх гэж байна, алдаа оноогоо зөв дүгнэж цэгнэж чадаж байна уу, ард түмнийхээ дунд, аж амьдралын бодит хөрсөн дээр бууж чадаж байна уу гэхчлэн хараалж байгаа нь тодорхой.  

ШИНЭЧЛЭЛИЙН ЕСӨН ЗАРЧИМ БА ЧИХНЭЭСЭЭ УЯЖ БУЙ “ХОНХ”  

МАН-ын дарга Ө.Энхтүвшин  гишүүд дэмжигчиддээ илгээсэн захидалдаа “Сэтгэлгээ, арга барил, үйл ажиллагаагаа шинэч­лэхийн тулд үндсэн  есөн зарчим дээр нэгдэж тэдгээрийг ягштал мөрдөх санал”-ыг дэвшүүлжээ. Тэдгээр нь Үзэл бодол, итгэл үнэмшилээ дагасан эв нэгдэл, нягтрал хэмээн эхэлж байна. Цаашлаад Эрх ашгийн зохистой эрэмбийг хангах, Үе үеийнхний жам ёсны залгамж холбоо, нэгдэл зохицлыг хангах, Ил тод, нээлттэй илэн далангүй байх, Гишүүд дэмжигчид ба удирдлагын нэгдлийг хангаж эргэх холбоотой ажиллах, Тоо­ноос  чанарыг  эрхэмлэх, Боловсон хүчний бодлогыг шударга ёсны зарчимд ний­цүүлэх, Улс төрийн өндөр ёс зүйг чанд сахин хангах, Бодлого, зорилт ба бүтэц, зохион байгуулалтын уялдаа, зохиц­лыг хангах гэсэн үндсэн есөн зарчмаар илэрхийлэгдэж байна.

Нам энэ дэвшүүлэн тавьж байгаа есөн зарчмаа гишүүд  дэмжигчиддээ  хүргэж тэдний санал бодлыг авах ажээ. Энэ бол ганц намын хэрэг ч бус нийт улс, ард иргэдтэй холбоотой асуудал. Учир нь парламентын засаглалтай улс оронд улс төрийн хүчний шинэчлэл нь хөгжил цэцэглэлтийн нэг чухал хүчин зүйл байдаг. Тиймээс  шинэчлэлийн гол гогцоо гэж ойлгогдож байгаа дээрхи есөн   зарчмыг жаахан дэлгэрүүлж өгүүлэхийг хичээе.

-Үзэл бодол, итгэл үнэм­шилээ дагасан эв нэгдэл, нягтралтай байх нь энэ намын суурь зарчмуудын нэг болох юм байна. Үндсэндээ дотоод ардчилал хийгээд эв нэгдлийн тухай ойлголт юм. Энэ анхдагч зарчмаа тодорхойлж  “Суурь үзэл баримтлалын хязгаарын дотор үзэл, бодол, байр суурийн… шүүмжлэл, маргаан, мэтгэлцээн өрнүүлэх нь туйлын эрүүл бөгөөд харин эцэстээ асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг, нэгэнт шийдвэр гарсан бол түүнийг бүгд хүндэтгэн дагаж хэрэгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн ажилладаг байхыг жинхэнэ эв нэгдэл гэж ойлгож байна” хэмээжээ.

-Шинэчлэлийн хоёр дахь зарчим болгож тавьж байгаа асуудал бол Эрх ашгийн зохис­той эрэмбийг хангах явдал. Үүний хүрээнд  эхлээд Монгол эх орон, тэгээд төр, дараа нь нам улмаар гэр бүл, хувийн эрх ашиг гэсэн эрэмбэ, дарааллыг үргэлж тууштай удирдлага болгох учиртайг намын дарга учирлажээ.

-Үе үеийнхний жам ёсны залгамж холбоо, нэгдэл зохицлыг хангах асуудалд ач холбогдол өгчээ.  Өөрөөр хэлбэл ахмад, дунд, залуу үе+эмэгтэйчүүд гэсэн амьд шүтэлцээг МАН гэсэн организмын бие эд эрхтэн хэмээн тодорхойлж байгаа аж. Нам оршин тогтнох, эв нэгдэлтэй байх, хүчирхэг байх, онол хийгээд ажил амьдралын баялаг туршлага хослон сүлэлдэх нь чухамдаа энэ гурван үеийн амьд хэлхээ холбоон дээр оршдог нь туйлаас үнэн билээ.

-Дээрхи гурвын дараа МАН ил тод, нээлттэй, илэн далангүй байхыг нэг зарчмаа хэмээн онцолж байна. МАН улс төр, намын аливаа чухал асуудлыг байх ёстой хүрээ, хязгаарынх нь дотор нээлттэй, ил тод байлгах тухай ярьж байна.

-Гишүүд дэмжигчид ба удирдлагын нэгдлийг хангаж эргэх холбоотой ажиллах нь шинэчлэлийн нэг зарчим болж байна. Энд илэрхийлэгдэх хам­гийн гол санаа бол гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэг, хү­чээр аливаа нам улс төрийн өрсөлдөөнд ялдаг зарчмыг товойлгон авч үзэх явдал аж.

-МАН тооноос чанарт шилжихийг эрмэлзэж байна. Энэ бол энэ намын бас нэг эрмэлзэх зүйл болж байна. Тооноосоо илүүтэй агуулга чанар чухал байхыг МАН-ын дарга онцол­жээ. Тэмцэх чадвартай, зохион байгуулалттай, дайчин улс төрийн хүчин байхын тулд хэл­бэрээс агуулгыг, тооноос чанарыг чухалчлан үздэг болох нь.

-Боловсон хүчний бодлогыг шударга ёсны зарчимд нийцүүлэх нь намын шинэчлэлийн нэг зарчим болж байна. Аливаа ажил зорилтыг хүн хийдэг, хэрэгжүүлдэг.  Боловсон хүчний тухайд бол нутаг нуга, найз нөхөд эсвэл ач хариулах, хэн нэг даргын нөмөр нөөлөгөөр бус харин ихэнхдээ шударга сонгон шалгаруулалтаар ил тод томилгоо хийгддэг болох юм байна.

-Зарчмын наймдугаарт улс төрийн өндөр ёс зүйг чанд сахин хангах тухай заалт орж байна. Улс төрд ёс зүй чухал. Энэ л улс төрийг ноён нуруутай, цэвэр байлгах, олон түмнийг араасаа дагуулах  гол хүчин зүйл болдог. Ер нь сонгогчдын сонголт хийх гол шалгуур нь ёс зүй гэдэгтэй та ч бас санал нийлэх байх.

-Бодлого, зорилт ба бүтэц, зохион байгуулалтын уялдаа, зохицлыг хангахад МАН анхаарч ажиллана. Үүнийг шинэчлэлийн нэг зарчим гэж байна. Энэ бол тухайн цаг үеийнхээ нөхцөл байдалд тохирсон оновчтой бүтэц бүрэлдэхүүнийг бий болгох санаа юм.

МАН шинэчлэлийн хөзрөө ийн дэлгэж байна. Гишүүд дэмжигчид болон иргэдийн санаа оноогоор энэ үзэл санаа баяжих нь эргэлзээгүй. Олны нүдэн дэлгэн тавьсан хөтөлбөр зорилт хэрэгжих магадлал хамгийн өндөр байдаг. Яагаад гэвэл ард түмэн эргээд биелэлтийг нь нэхнэ, чихэнд нь байнга хонх цохьж байна гэсэн үг. Хамгийн гол нь нам дарга цэрэг  гэхээсээ илүү­тэй массынхаа үгийг сонсдог болж байгаа юм байна. Үүнд олзуурхахаас өөр яах билээ. Нам хүчирхэгжих, алдаа эндэгдлээс хол байх нэг нөхцөл энэ шүү дээ. 

П.БУЛГАН

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж