20 жилийн дараа өөрийгөө хараад айжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

20 жилийн дараа өөрийгөө хараад айжээ

Холливудын найруулагч Стивен Спильбергийн сод бүтээлийн нэг “Шиндлерийн бүртгэл” хэмээх кинонд улаан пальтотой бяцхан охины дүрд тоглосон Оливиа Дабровская киног анх үзээд ямар их айснаа 20 жилийн дараа л дурсан ярьжээ. 1993 онд бүтээсэн уг кинонд тоглох үедээ Оливиа дөнгөж гуравхан настай байсан байна. Хар, цагаан өнгөт уг кинонд ганцхан дүр л улаан пальтотой дүрслэгдсэн нь Нацистуудын гарт амь үрэгдсэн бяцхан охины дүр билээ.

Найруулагч Спильберг түүнд тоглосон киногоо 18 нас хүртлээ үзэхгүй байхыг зөвлөсөн ч охин 11 настайдаа тэсэлгүй үзээд үхтэлээ айж, дахиж хэзээ ч үзээгүй ажээ.

Оливиа энэ тухай дурсан ярихдаа “Намайг кинонд тоглосон тухай аав, ээж хоёр маань тааралдсан хүн болгонд ярихад би ичиж, намайг кинонд тоглуулсанд нь тэдэнд уурладаг байлаа. Хүмүүс надад “Нацистууд гэм зэмгүй олон хүнийг яасныг хүүхдүүд мэдэж байх ёстой” гэж хэлдэг байсан нь намайг үнэхээр залхаасан гэжээ. Гэвч бяцхан охины айдас олон жилийн дараа бахархал болон хувирсан бөгөөд тэрбээр түүхэн кинонд дүрээ мөнхөлсөндөө бахархдаг болжээ.

Кинонд Оливиа Дабровскаягийн төрж, өссөн Польшийн Краков хотод еврейчүүдийг бөөнөөр хорьж, устгаж байсан хорих лагерийн тухай өгүүлдэг юм.

Өдгөө 23 настай Оливиа хэвлэлийн чиглэлээр суралцаж байгаа юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж