Хөвсгөл нуурыг хамгаалах хуультай болно

Хуучирсан мэдээ: 2013.03.09-нд нийтлэгдсэн

Хөвсгөл нуурыг хамгаалах хуультай болно

Хөвсгөл аймгийн Хатгал суманд энэ сарын 2-3-ний өдрүүдэд “Мөсний баяр-2013” уламжлалт арга хэмжээ болж, түүнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон АНУ, Герман, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд оролцлоо. Дээрх арга хэмжээний үеэр Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах асуудлыг хөндөж, энэ чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр зарим нэг санаачлага гараад буй тухай хөндөгдөв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл нуурыг хамгаалахад зориулж улсын төсвөөс санхүүжилт гаргадаг байх, Хөвсгөл нуурыг хамгаалах өөрийн гэсэн хуультай болох шаардлага байна гэж үзэн, эл асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд тус бүр асуудал болгон тавьжээ. Эл асуудлыг холбогдох газрууд судалж үзээд шийдвэрлэх шийдэлд хүрсэн юм байна. Орон нутгийн иргэдийн хувьд дээрх санаачлага гарсныг дэмжиж төрөөс тодорхой бодлого барьж ажиллах болсонд талархаж байна. Гэхдээ бас анхаарах асуудал бийг санууллаа. Энэ нь Хөвсгөл далайг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахдаа жуулчны баазууд үүрэг хүлээх ёстойг хэлж байна. Учир нь Хөвсгөл далайг тойрон 20 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж ашиг олдог ч орон нутгийн төсөвт татвар төлдөггүй аж. Энэ нь эргээд байгаль хамгаалах чиглэлээр тодорхой хэмжээний төсөв хөрөнгө гаргахад хүндрэлд оруулдаг тухай хэлж буй юм. Уг нь онгон дагшин байгалийг ашиглаж ашиг олчихоод түүнээсээ тодорхой хувийг орон нутгийн татварын байгууллагад төлж түүнийг нь эргүүлээд байгалиа хамгаалахад зарцуулдаг тогтолцоотой болбол хэн, хэнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн хэрэг болно гэж үзэж байна.

Мөн энэ үеэр Хөвсгөл нуурт живсэн авто машинуудыг татаж гаргах асуудал хөндөгдлөө. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн онд Хөвсгөл нуурт живсэн шатахуунтай тээврийн хэрэгслийг татаж гаргах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах санаачлага гаргасан байна. Гэхдээ энэ ажлыг гүйцэтгэхэд мэргэжлийн байгууллагуудын оролцоо чухал болж байгаагаас гадна нутгийн иргэд далайн яг аль хэсэгт шатахуунтай машин живсэн бэ гэдэг зураглалыг үнэн зөв гаргахад туслалцаа үзүүлэх нь чухал болохыг Байгаль хамгаалах сангийн тэргүүн Ш.Пүрэвсүрэн дээрх арга хэмжээнд оролцох үеэрээ хэлсэн юм. Тэрээр мөн энэ ажлыг гүйцэтгэхэд сангаас тодорхой хэмжээний санхүүжилт олгох болсноо Хатгал тосгоны иргэдэд уламжиллаа.

Хөвсгөлийн хойд сумдад хаваржилт хүндэрчээ

Хөвсгөл аймгийн хойд талын сумдад өвөл хатуу орсноос хаваржилт бас хүндхэн бууж байгаа аж. Одоогоор Алаг-Эрдэнэ, Арбулаг, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр зэрэг сумдын хувьд хамгийн хүнд байна. Малчид өвс, тэжээлээ намар нь сайн базааж авсан ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээс эхэлж их хэмжээний цас орж, зарим газарт мал бэлчээрлэх боломжгүй болсноос бэлтгэсэн өвс тэжээлээ малдаа өгсөөр үндсэндээ дуусчээ. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг сумдад ажиллах үед малчид өвс тэжээлийн туслалцаа үзүүлэхийг хүсч, үүнийг нь шийдвэрлэхээр болсон юм. Тухайлбал, Чандмань-Өндөр суманд одоогийн байдлаар 2000 орчим толгой мал зүй бусаар хорогджээ. Малд өвс тэжээл шаардлагатай тул эхний ээлжинд ойролцоох Эрдэнэбулган сумаас 3 тонн тэжээл татах ажлыг зохион байгуулахыг хүсч, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өгчээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж