
УИХ-ын дарга З.Энхболдыг өнгөрсөн пүрэв гаригт Дорнод аймагт ажиллах үеэр иргэд хилэнтэй угтав. Орон нутгийн сонгууль болж өнгөрөөд бүтэн гурван сар өнгөрч байхад аймгийнх нь Засаг дарга томилогдоогүй байгаа нь тэдний уурыг нь барахад хүргэжээ. УИХ-ын даргатай хийсэн уулзалтын үеэр дорнодчуудын нэг хэсэг нь “Дорнод аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргаар томилуулах хүний нэрийг дэвшүүлж байхад Ерөнхий сайд батламжлалгүй удаа дараа буцаасан” гэсэн бол нөгөө нэг хэсэг нь “МАН-аас Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд гурван жил ажиллаагүй байсан учраас Ерөнхий сайдын хувьд батламжлах бололцоог олгоогүй” хэмээн няцааж байлаа. Ийнхүү нэг хэсэг нь Ардын намынхны талд орж, Засаг даргад нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжлах ёстой” гэж байсан бол Ардчилсан намыг баримтлагчид “Аймгийн ИТХ нь үндсэндээ задарч бутарсан учраас Ерөнхий сайд өөрөө шууд Засаг даргыг батламжлахад буруудах зүйлгүй” гэж хоёр талцан хэрэлдсээр хуралдааныг өндөрлүүлэв. Энэ аймгаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сонгогдсон юм. Тэрээр УИХ-ын даргын хамтаар сонгогдсон тойрогтоо ажиллаж энэхүү хуралдаанд суусан ч иргэдийн хилэнг намжаах үг олж хэлж чадсангүй.
Г.ДАРЬ