ДБЭТ шинэ хөгжмөө эгшиглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.09-нд нийтлэгдсэн

ДБЭТ шинэ хөгжмөө эгшиглүүлнэ

Хагас зууны түүхт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони оркестры уран бүтээлчид хөгжим, хэрэгслээ бүрэн шинэчилжээ. Тэд сонгодог урлаг сонирхогчдод болон уг төслийг санаачлан санхүүжүүлсэн хүн бүхэнд зориулан талархал илэрхийлэхээр “Сонгодог хөгжмийн концерт” буюу “Шинэ хөгжмийн баяр” тоглолтыг өнөөдөр 17.00 цагт хийх гэж байна.

Тус театрын хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 368.000 ам. долларын үнэ бүхий 45 нэр төрлийн гуулин, үлээвэр, цохиур, төгөлдөр хуур гээд 90 гаруй хөгжмийн зэмсэг дагалдах хэрэгслүүдийн хамт хүлээж аваад байгаа юм. ДБЭТ-ын симфони оркестр ийнхүү хөгжмийн зэмсгийн хүрээнд дэлхий төвшинд хүрч, хамгийн сүүлийн үеийн “Ямаха” брэндийн мэргэжлийн хөгжмүүдтэй болжээ. Уг хөгжмүүдийг  Японы "Ямаха" брэндийн албан ёсны дистрибьютер "Протек" компани хоёр жилийн баталгаатайгаар нийлүүлсэн бөгөөд "Гранд-GX" төгөлдөр хуур гэхэд л Монголд цорын ганц байгаа хөгжим юм.

ДБЭТ-ын симфони оркестрын хөгжмийг хамгийн сүүлд 1988 онд шинэчилж, түүнийгээ өнөөдрийг хүртэл ашиглажээ. Хөгжмийн зэмсгийг хэдийгээр удах тусмаа дуугаралт нь жигдэрч, уянгалаг болдог гэдэг ч театрын оркесторын хөгжмүүдийн хувьд цаг тухайд нь мэргэжлийн мастеруудын засвар үйлчилгээ орж байгаагүйгээс элэгдсэн гээд бэрхшээлтэй зүйлс олон байсан тухай уран бүтээлчид ярьж байлаа.

Шинэ хөгжмүүдээ хүлээн авсан театрынхны урилгаар хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав хүрэлцэн ирж уулзахдаа, "ДБЭТ-ыг хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Шинэ хөгжимтэй болсонд их баярлаж байна. Гол амин судас нь болсон хөгжмийн зэмсгээ дэлхийд алдартай “Ямаха” хөгжмөөр шинэчилснээр өнөөдөр театр хөгжмийн зэмсгийн хувьд дэлхийн төвшинд хүрлээ гэсэн үг. Хөгжмийн зохиолч хүн бичсэн зохиолоо мэргэжлийн түвшинд тоглоосой, мэргэжлийн түвшинд дуугараасай гэж боддог. Манайд мэргэжлийн мундаг хөгжимчид байдаг ч хөгжмийн тэдгээрийн одоо хэрэглэж байгаа хөгжмийн зэмсэг нь яах аргагүй элэгдэн хуучирч, зайлшгүй солих шаардлагатай байсан. Оркестор хөгжмөө шинэчилсэн нь маш сайхан байгаа ч үүнийг манайд энэ талд дээр яригдах бас нэг асуудал бий. Хөгжим хүртэл ханиад хүрч эмчид хандах болдог. Харин манайд хөгжмийн мэргэжлийн “эмч” буюу мэргэжлийн хөгжмийн засварын цех алга. Үүнийг л нэн яаралтай нээх хэрэгтэй байгаа юм. Тэгж байж л бид эдгээр хөгжмийн зэмсгүүдээ эрүүл саруул он удаан жил уянгалуулна” хэмээн ярьсан юм.

“Шинэ хөгжмийн баяр”-ын хөтөлбөрт дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд шинэ өнгө, аялгуугаар эгшиглүүлэх юм байна. Уг баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл, Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрынхан албаны хүмүүс оролцох аж.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж