
Бурлескийн хатан хаан Дита Фон Тийз болон Америкийн нэртэй телевизийн хөтлөгч, жүжигчин, хоолны жорын лавлах номын зохиолч Падма Лакшмигийн хамтаар NBC телевизийн шинэхэн реалити шоуны салхийг хагалжээ. Өөрийн авьяас чадвар, алдар хүндээр дэлхийд танигдсан бүсгүйчүүд NBC телевизийн шинэ бүтээл “Dukes of Melrose” шоунд ийнхүү оролцсон байна. “Dukes of Melrose”-ийн хүндэт зочдоор уригдсан тэд нэвтрүүлгийн дараа Нью-Йоркийн Парк өргөн чөлөөнд болсон шоу нэвтрүүлгийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцжээ.
Хүлээн авалтын үеэр нэрт бүжигчин Дита Францын загвар зохион бүтээгч Кристиан Лубутений урласан сонгодог хар өнгийн даашинзаар гангарч уруулаа гал улаанаар будсан бол Падма улаан өнгийн дэгжин даашинз, тод өнгийн туфль сонгосон байжээ. “Dukes of Melrose” нь NBC-ийн эзэмшлийн “Bravo” телевизийн сувгийн сүүлийн арван жилийн загварын хандлага, тэр дундаа алдартай бүсгүйчүүдийн талаар өгүүлэх реалити баримтат нэвтрүүлэг аж.
Э.АНХТУЯА