Байгаль орчны менежментийн зөвлөл байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Байгаль орчны менежментийн зөвлөл байгууллаа

Байгаль орчныг хамгаалах талаар гарсан хууль тогтоомж, урт, дунд богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө манай улсад хангалттай бий. Гэхдээ түүнийг амьдралд хэрэгжүүлэх ажил хангалтгүй хэвээр байгаа тул байгаль хамгаалах ажлын үр нөлөөг дээшлүүлэх, бүс нутгийн нэгдсэн удирдлагыг бий болгож, аймаг, сумдын хамтын ажиллагаа, төлөвлөлтийг сайжруулах, тулгамдаж байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилгоор Хангайн бүсэд багтдаг Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн төлөөлөгчид гуравдугаар сарын сүүлчээр  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу-Шивэрт”-д зөвлөлдлөө.

Уг зөвлөлгөөнөөр Хангайн нурууны байгаль орчны нэгдсэн менежментийн гэрээг хэлэлцэж, аймгийн Засаг даргын орлогч нар гарын үсэг зурж, баталгаажуулан, дээрхи нэр бүхий дөрвөн аймгийн Засаг даргын орлогч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал харицсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зургаан тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нар нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй Нэгдсэн менежментийн зөвлөлийг байгуулан, 2011 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл” хөтөлбөрөөс     уг зөвлөлгөөнийг дэмжиж зохион байгуулсан бөгөөд тус зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчид орон нутгийн  байгаль орчны салбарт ажиллаж буй байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Аймгийн байгаль орчны менежментийн зөвлөлийг  Завхан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулж ажилдаа ороод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж