
Цахим хуудсуудаар сүүлийн үед нэгэн асуулга нэлээд дэмжлэг цуглуулах болсон нь дугаарын хязгаарлалтын цагийг өөрчлөх тухай. Одоо үйлчилж буй журмаар машин бүр долоо хоногийн нэг өдөрт, өглөөний 07 цагаас оройн 22 цаг хүртэл замын хөдөлгөөнд оролцох эрхгүй. Харин энэхүү зохицуулалтын цагийг 08 цагаас оройн 21 цаг болгох санаачилга ийнхүү цахим орон зайд хүчээ авч эхэллээ. Ачааллаа дийлэхээ больсон үед дугаарын хязгаарлалт тодорхой үр дүнгээ өгсөн гэдэг нь судалгаанаас ч харагддаг. Гэхдээ анх баталсан журмандаа багахан өөрчлөлт хийчихэд эсэргүүцэхээс илүү талархах нь олон байх биз. Өнгөрөгч сар шинийн баярын өмнө Замын цагдаагийн газраас амралтын өдрүүдэд тэгш сондгой, тоотойгоор нь дугаарын хязгаарлалт хийсэн. Гол нь энэ хязгаарлалт нь тухайн өдрийн 10-20 цагийн хооронд мөрдөгдсөн. Тухайн өдрүүдэд хэдийгээр дугаарын хязгаарлалттай ч цагийн хувьд ийнхүү уян хатан болгосон нь жолоочдод бараг дарамт болоогүйг хэлцгээж байв. Ядаж найман цаг болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болчихвол хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, ажил дээрээ эртхэн оччих гээд олон хүнд тустай. Угтаа бол дугаарын хязгаарлалт нь жирэмсэн, бага насны хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй олон айлд долоо хоногт нэг удаа асуудал болдог нь үнэн. Ядаж үнэхээрийн ийм зайлшгүй асуудалтай цөөн хүмүүст эрхийг нь өгчихвөл заргалдаад барьцаад байх хүн гарахгүй л байх. Мэдээж иймгүй атлаа, хуурах гэж оролдсон бол хүлээх хариуцлагыг нь чангалаад өгч яагаад болохгүй гэж.
Хууль хүртэл өөрчлөгддөг байтал журманд өөрчлөлт оруулах нь тийм ч бэрх зүйл биш. Гагцхүү багахан сэтгэл байхад л болно. Урин цаг ирж хотын машин орон нутгууд руу тарцгаадаг үе ч ойртож байна. Цаг өөрчлөгдөж байна. Харин журам өөрчлөгдөхгүй гэж үү.
Б.МАНДАХ