Засгийн газрын бодлого учраас замхраад өнгөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бодлого учраас замхраад өнгөрөхгүй

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг бүтээн байгуулах тухай яриа гурван жилийн өмнөөс эхэлсэн. Харин өнгөрсөн хугацаанд ажил хэрэг нь эхлээгүй. Олон нийтэд замхарсан юм биш биз гэсэн эргэлзээ төрж эхэлсэн. Өнгөрсөн бямба гаригт Засгийн газар хуралдаж эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох 14,1 тэрбум төгрөгийг баталсан билээ. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнхөөс тодрууллаа.

-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын тухай яриа хөөрөө 2009 онд Засгийн газрын тогтоол гарснаас хойш эрчимжиж эхэлсэн. Ялангуяа сүүлийн хоёр жилд эрчимтэй яригдах болсон. Гэтэл амьдрал дээр эхлүүлсэн ажил гэж байдаггүй. Олон нийт үүнийг цаасан дээр л байдаг ажил гэж хардаг…?

-Хоёр жилийн өмнөөс Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын тухай ярьж эхэлсэн. Нэг ёсондоо өмнөх засгийн газрын үеэс эхлэн яригдсан. Засгийн газрын бодлого болж хэрэгжиж эхэлсэн. Төмөр замын бодлого, эдийн засаг зэргээсээ харсан ч тэр үүнийг бодлого болгох нь зүйтэй байсан. Үүний дагуу өмнөх засгийн газрын үед Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг АНУ-ын “Бехтел” компаниар хийлгэсэн. Үүнийг засгийн газар хүлээн авч батлаад авчихсан байгаа. Харин шинэчлэлийн засгийн газрын үед мөрийн хөтөлбөр болоод үйл ажиллагаа нь эхлээд явж байна. Энэ бол асар том бүтээн байгуулалтын ажил. Тийм учраас хэдхэн жилийн дотор хийгдчих ажил биш нь тодорхой. Олон нийтэд цаасан дээрх ажил болчих вий гэсэн айдас байсан. Одоо ч байгаа. Энэ нь ч зөв. Хэн ч гэсэн энэ том бүтээн байгуулалтын талаар өөрийн бодол сэтгэлээ хуваалцах нь нээлттэй шүү дээ. Гэхдээ үүнд нэмж хэлэх нэг юм байна. Өнгөрсөн хагас сайн өдөр засгийн газрын тогтоол гарч энэ ажлыг эхлүүлэхэд шаардлагатай байгаа 14,1 тэрбум төгрөгийг баталсан. Гэхдээ 34-өөс доошгүй хувийг төр хариуцахаар болсон.

-14,1 тэрбум төгрөгөөр яг ямар, ямар ажил хийх вэ?

-Бид дөрвөн гол ажлыг хийхээр болсон. Эхний удаад байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийнэ. Үүнийг том бага гэлтгүй бүх л төсөл дээр хийдэг шүү дээ. Үүнийг олон улсын стандарт нийцсэн байдалтайгаар гүйцэтгэх ёстой. Дараа нь суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөөг хийнэ. Үүнийг Сайншанд хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж гаргахаар болсон. Мөн хуулийн зөвлөх баг ажиллуулна. Энэ бүтээн байгуулалтын ажил урьд өмнө нь Монгол Улсад хийгдэж байгаагүй том бүтээн байгуулалт болох учраас холбогдох хууль дүрмийг өөрчлөх, шинээр батлах ажлыг энэ баг хариуцан ажиллах юм. Төслийн удирдан гүйцэтгэгч гэж байх ёстой. Тиймээс бид төслийн удирдан гүйцэтгэх багийг байгуулах юм. Одоогоор шийдэгдээгүй байгаа. Үүнээс гадна улсын төсвөөс санхүүжигдэж хийгдэх нэг гол ажил бий. Энэ бол гүний усны хайгуулын ажил. Мөн 3252 га газарт хийгдэх инженер геологийн ажил байгаа. Эдгээр ажлуудыг бүрэн хийж дуусвал төслийн нарийвчилсан төлөвлөгөө бүрэн болох юм.

-Компани нь ямар бүтэц зохион байгуулалтаар явах вэ?

-Өмнө нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ХХК байсан. Одоо бол төрийн оролцоотой хувьцаат компани болгохоор болсон. Үүнд хувийн хэвшлийнхэн хүртэл оролцох боломжтой. 66 хүртэлх хувийг монгол компаниуд оролцож болно.

-Тэгвэл 14,1 тэрбум төгрөгөөр эхний ээлжийн л ажлыг хийж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Нэмж хэлэхэд гүний усны хайгуулд гурван тэрбум, инженер геологийн ажилд 4,4 тэрбум, ерөнхий төлөвлөгөөнд Барилга хот байгуулалтын яаманд 700 сая төгрөгийн төсөв байгаа.

-Сайншанд хот усны асуудалтай нутгийн нэг. Усны асуудлыг хэрхэн шийдэх вэ? Гадаад компани ажиллах уу, дотоод компани ажиллах уу?

-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад хамгийн тулгамдаж байгаа асуудал бол ус. Үүнийг бид олон ч талаас ярилцсан, шүүмжлэлийг ч сонссон. Шийдэж болох боломжит хувилбаруудыг ч авч үзсэн. Мэргэжлийн томоохон байгууллагууд, энэ талаар судалгаа хийдэг хүмүүстэй ч уулзаж ярилцсан. Эхлээд бид хайгуул хийж хэдий хэр хэмжээний ус, хэдий хэмжээний гүнд байна вэ гэдгийг тогтооно. Дараа нь усанд хэмнэлттэй технологиудыг хэрхэн ашиглахыг тогтоох хэрэгтэй. Тодорхой хэмжээний алдагдал үүсэх нь тодорхой. Тиймээс энэ алдагдлыг хэрхэн нөхөх вэ гэдгийг олж тогтоох ёстой. Энэ бүх шаардлагуудыг албан ёсны болгоод худалдан авах газар оччихсон байгаа. Одоо нээлттэй тендер зарлагдана. Энэ бүх процесс хууль ёсны дагуу л явагдана.

-Та сая 66 хүртэлх хувийг монголын компаниуд эзэмшинэ гэж хэлсэн. Хүссэн компани нь Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн яаманд ирвэл нээлттэй юм байна гэж ойлгож болох уу?

-Хаалттай хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна. Нээлттэй хувьцаат компаниар явах гэхээр нэг зовлонтой асуудал бий. Энэ нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор компани нь гаргаад ирэх бодит хөрөнгө байхгүй. Тиймээс хаагдмал хэлбэрээр үйл ажиллагааг нь эхлүүлнэ. Яваандаа нээлттэй болж болно. Хаалттай хэлбэрт байх учраас үндэсний хэмжээнд тодорхой компаниудаас санал аваад тэр компаниудад танилцуулга хүргүүлнэ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж