
Дээрх арга хэмжээний хүрээнд бүх аймгийн төлөөлөгчид орон нутгаасаа интернетээр холбогдож, эмэгтэйчүүд хийж бүтээсэн ажлын туршлагаа хуваалцаж, цаашдаа эмэгтэйчүүд хэрхэн хамтран ажиллах, шинэчлэлийн бүтээн байгуулалтад тэдний үүрэг оролцоо юу байх талаар ярилцаж байгаа юм. Цахим хуралд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар болон Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн эмэгтэйчүүд, аймаг, дүүргийн эмэгтэйчүүд оролцож байна. Уг уулзалтад Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, баяр хүргэлээ. Тэрээр “Нийгмийн бүхий л давхаргад эмэгтэйчүүд байдаг, тэд хамгийн хариуцлагатай, хамгийн бүтээлч хүмүүс байдаг” гэдгийг онцлоод хийе бүтээе, хамтраад хөгжье гэсэн бүтээлч санаачилгатай уулзалт хийж буйд талархаж, ажилдаа хариуцлагатай ханддаг эмэгтэйчүүдээрээ бахархаж байгаагаа илэрхийлсэн юм. Жижиг дунд бизнесийн зээл авч үйл ажиллагаа явуулсан хүмүүсийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг, тэд хариуцлага өндөртэй учраас зээлийн төлөлтийн хувь ч мөн ийм хувьтай байдаг аж. Харин өнөөдөр аймаг, суманд жижиг дунд бизнест зориулсан зээлийн хэмжээ нэмэгдсэн. Иймд Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хариуцлага хяналтыг сайжруулахад эмэгтэйчүүдийн үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд дурдав.
Ямартай ч эмэгтэйчүүд энэ удаа нийгмийн асуудал, жендэрийн тэгш байдлаас илүү гарч бүтээн байгуулалт, баялаг бүтээх бизнес рүү хандсан нь цахим уулзалтаас харагдаж байна. Одоо эмэгтэйчүүдэд хүйсийн тэгш байдал, нийгмийн хамгааллын сэдвээс илүүтэй бүхий л салбарт манлайлан, хариуцлагатай нийгмийг бүтээхэд өөрсдөө оролцох зорилго нэгдүгээрт тавигдах болжээ.