
Баруун Африкийн Сенегал улсын Засгийн газраас аюулгүй байдалын шаардлага хангаагүй кораны сургуулиудыг хаах арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Маки Салл мэдэгдсэн байна. ВВС-ийн мэдээлснээр Сенегалын Засгийн газраас лалын шашны коран сургуулиудыг хаахаар төлөвлөсөн нь Дакар хотын төвийн ойролцоох сургуульд гал гарсны улмаас есөн хүүхэд амь үрэгдсэнтэй холбоотой аж. Дакар хотын Медина дүүрэгт орших нэгэн коран сургуульд өнгөрсөн амралтын өдрөөр гал гарсны улмаас 6-12 насны есөн хүүхэд амь үрэгдсэн билээ. Тус коран суруулийн нэг ангид гэхэд 45 хүүхэд нэг дор хоноглож байсан бөгөөд дэнлүү унасны улмаас гал гарсан аж. Энэхүү аймшигт ослын дараа Ерөнхийлөгч Маки Салл гал гарсан коран сургууль дээр очиж, нөхцөл байдалтай танилцжээ.
Сенегал дахь хүний эрхийн байгууллагын зүгээс коран сургуулиудын байр нь хичээллэж, хоноглох шаардлага хангадаггүйн дээр зарим багш нар нь “талиб” сурагчдыг хүчирхийлдэг хэмээн шүүмжилдэг байна. Коран буюу лалын шашны сургуулийн сурагчдыг Сенегалын уугуул волоф хэлээр “талиб” гэдэг бөгөөд тус сургуульд ихэвчлэн гудамжинд хоол, мөнгө гуйн амьдардаг хүүхдүүд хамрагддаг аж.