
Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах үндэсний мэргэжилтэн, инженер техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчдын хэрэгцээг тодорхойлон тэдгээрийг бэлтгэх ажлыг хийх юм. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт технологийн шинэчлэл хийхээр болжээ. Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг жилд 500 мянган тонн ган төмөр, бүтээц үйлдвэрлэх хүчин чадалтай болгон өөрчлөх гэнэ. Мөн гадаадад ажиллаж байгаа мэргэжилтэй ажилчдыг татан оролцуулах юм. Тус хөтөлбөрийн хүрээнд баригдах 100 мянган айлын орон сууцны 15-аас доошгүй хувийг дунд болон бага орлоготой иргэдэд зориулан барьж өөрийн өртгөөр нь худалдан борлуулахаар тооцон, барилгын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахаар төлөвлөөд байгаа юм.