Прокурорын газраас 24 суманд ажиллав

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Прокурорын газраас 24 суманд ажиллав

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай удирдамжийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын газраас баримталж буй бодлого чиглэл, өөрчлөлт шинэчлэлтийг олон нийтэд таниулах, аймгийн прокурорын газраас 2012 онд хийсэн ажлын тайланг мэдээлэх, сумдын салбар зөвлөлийн ажил, хэсгийн төлөөлөгч нараас эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрхэн шалган шийдвэрлэж байгааг шалгах, хууль сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах ажлаар аймгийн прокурорын газрын зарим прокурор, ажилтнууд, Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын ахлах прокурор Н.Бат-Эрдэнэ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан Б.Мөнхтуул нар 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд тус аймгийн Улиастай, Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин,  Яруу, Идэр, Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сантмаргаз, Сонгино, Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Алдархаан сумдад ажиллалав.   

Дээрхи 24 сумын ард иргэдтэй хийсэн уулзалтанд нийт 1507 хүн оролцсон ба  прокурорын байгууллагын үйл ажиллагаа, Улсын Ерөнхий Прокурорын газраас 2011-2016 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайдын хамтарсан 87/111/118 тоот захирамж, тушаал, Улсын Ерөнхий Прокурорын газраас өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, аймгийн прокурорын газраас 2012 онд хийсэн ажлын тайлан, аймгийн 2012 оны эрүүгийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Цагдаагийн болон бусад байгууллага хэрхэн хүлээн авч шалгасан, шалгалгүй дарагдуулсан зөрчил байгаа эсэх талаар санал хүсэлтийг хүлээн авч, амьтны тухай болон ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг, зөрчил, дээрхи гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оногдуулж буй ялын бодлого, Улсын Их Хурлаас шинээр батлан гаргасан Шүүхийн тухай багц хууль, Тамхины хяналтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, түүнчлэн архи, тамхины хор хөнөөлийн талаар хуралдаанд оролцсон хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.  

Хуралд оролцсон иргэдээс ойн тухай хууль тогтоомж зөрчсөн хүнд ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ямар тохиолдолд захиргааны шийтгэл ногдуулах, шүүхээс хэрэг, маргааныг ямар шалтгааны улмаас удаан хугацаанд шийдэж байгаа талаар асууж, архидан согтуурч байгаа хүмүүсийг сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулах, Тэс суманд сум дундын шүүх болон прокурорын газар байгуулах, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын амьдрах орчин, нийгмийн асуудлыг сайжруулах талаар холбогдох газруудад уламжилж өгөх зэрэг саналыг гаргаж, прокурорын байгууллагаас жил бүр ард иргэдтэй уулзаж хийсэн ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байгаад талархал илэрхийлж байв.

Түүнчлэн ажлын хэсэг тухайн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцаж, холбогдох баримт бичгийг үзэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын талаар салбар зөвлөлийн дарга, нарийн бичиг, гишүүдэд заавар зөвлөгөө өгөв. Зарим сумдын салбар зөвлөлд аймгийн прокурорын газраас ажлил сайжруулах чиглэлээр мэдэгдэл хүргүүлэхээр болов.

Завхан аймгийн прокурорын газраас 2012 онд хийсэн ажлын товч танилцуулга, хүсэлт, гомдол гаргах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх нь зэрэг нэртэй 1507 ширхэг брошюр, холбогдох материалуудыг хуралд оролцсон хүмүүст тарааж, иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг тусгайлан бүртгэлд авч, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.

Мөн хууль хяналтын бусад байгууллагуудтай хамтран ард иргэдтэйгээ уулзалт ярилцлага хийж байх талаар сумдын иргэдээс санал хүсэлт гаргаж байв.

ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж