
Энэ удаагийн нэгдсэн шалгалтаар автобусыг 12 үзүүлэлтээр, жолоочийг есөн үзүүлэлтээр, кондукторыг долоон үзүүлэлтээр шалгажээ. Өнгөрсөн сард хийсэн шалгалтын дүнтэй харьцуулахад зөрчлийн тоо 47,3 хувиар багассан нь үйлчилгээний соёл 50 орчим хувиар сайжирсан болохыг харуулж байна. Тухайлбал, автобуснууд буудал зогсоолыг зарлах төхөөрөмж чанга яригчны тоо 80 хувиар нэмэгдэж, радиогоо хэт чанга ажиллуулдаг зөрчил 78 хувиар буурчээ. Аж ахуйн нэгжүүд жолооч кондукторуудаа ажлын хувцсаар хангаж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, чиглэлийн хаягийг жигдрүүлсэн байна. Мөн жолооч нар автобусандаа тамхи татдаг зөрчил тодорхой хувиар буурч, зорчигчид тасалбар олголт үндсэндээ хэвшиж байна гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Үйлчилгээг сайжруулах ажилд автобус компаниуд идэвхтэй оролцож байгаа аж. Тухайлбал, зургаан чиглэлд 60 автобусаар үйлчилдэг “Сутайн буянт” компани автобуснууддаа шинэ загварын төмөр хогийн савнуудыг байрлуулж, үйлчилгээ сайжруулах нэг сарын аян зарлан “Зорчигчид дэмжинэ – Бид чадна” гэсэн уриатайгаар ажиллаж байгаа гэнэ. Зорчигчид өдөр бүр автобусны үйлчилгээг “шалгаж” дүгнэж байдаг учир иргэдийн санал хүсэлтийг дараагийн шалгалтын үед чухалчилах аж.