Иракт Сирийн цэргүүд амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Иракт Сирийн цэргүүд амь үрэгдэв

Иракийн баруун хэсгийн Анбар мужид хөрш Сири улсаас дүрвэн хил давж ирсэн Засгийн газрын армийн хэсэг цэргүүд рүү зэвсэглэсэн бүлэг этгээдүүд халджээ. Үүний улмаас Сирийн 40 цэрэг, өөр хэдэн ирак хүн амь үрэгдсэн байна. ВВС-ийн мэдээлснээр Сирийн Засгийн газрын хэсэг цэргүүд босогчдын дайралтаас зугтан Ирак улсын хилийг нэвтэрсэн бөгөөд одоогоор тэдэнд халдсан зэвсэглэсэн бүлэг этгээдүүд хэн болох нь тодорхойгүй байгаа аж. Ирак нь Сири улстай 600 км газар нутгаар хиллэдэг бөгөөд тус улсын Засгийн газрын зүгээс Сирийн зөрчил мөргөлдөөнд эдгээр бүс нутгуудаар дамжин татагдан орохгүй байх тал дээр онцгой анхаарал тавьдаг байна.

Үүний зэрэгцээ Сирийн босогчид  бүтэн нэг хоногийн турш Засгийн газрын армийн цэргүүдтэй ширүүн тулалдсаны эцэст хойд хэсгийн Ракка хотыг эзлэхэд ойртоод байгаа аж. Ракка нь Сирид удаан хугацаанд үргэлжилж буй зөрчил мөргөлдөөнөөс дайжсан олон мянган иргэдийн түр хорогдох хот болоод байжээ.

Түүнчлэн Сирийн босогчдын “чөлөөт арми”  нийслэл Дамаск хотын захын дүүргүүд болон Халеб, Хомс зэрэг томоохон хотын зарим хэсгүүдэд хяналтаа тогтоогоод байгаа юм. Мөн Сирийн босогчид Ерөнхийлөгч Башар аль-Ассадын эцэг, экс Ерөнхийлөгч Хафез аль-Ассадын хөшөөг буулгаж буй видео бичлэгийг интернэтэд байршуулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж