Монголд дундаж давхарга бий юү?

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Монголд дундаж давхарга бий юү?

Аливаа улс орны эдийн засгийн тогт­­­вортой өсөлтийг бий болгодог хамгийн гол нөхцөл нь хүн амын дундаж давхарга байдаг аж. Яг энэ хэмжүүрээр авч үзвэл Монгол Улсад цаашид хөгжих хөрс суурь байна уу? Энэ нь нэг үгээр бол Монголд дундаж давхарга байна уу гэсэн асуулт юм.
Монголын нийт баял­гийн 85 хувийг ердөө 300 гэр бүл эзэмшдэг гэсэн тооцоог Монголд ажиллаж, амьдарч байгаа америкчууд гаргажээ. Тэдний дунд яригдаж байгаа энэ тоо хэдийгээр албан ёсны биш ч гэлээ Монголын томоохон байгууллага, төсөл дээр ажиллаж, энэ хэрээр мэдээлэлд ойр байгаа гад­ных­ны дүгнэлт гэдэг утгаараа бодит үнэнд дөхөж очно. Зарим эх сурвалж нийт баялгийн 90 хувь нь хүн амын нэг хувьд ногддог гэсэн тооцоог ч танилцуулж байлаа. Мөн хүн амын 30-40 хувь ядуу. Эх сурвалжууд эдгээр тооныхоо араас “Тэгэхээр хүчирхэг дундаж давхарга Монголд бий юу” гэсэн асуудлыг зайлшгүй хөнддөг.

Дээд мэргэжилтэй, тогт­мол ажлын байртай хэн боловч өөрийгөө дундаж давхаргад тооцох байх. Гэх­дээ өнгөц харахад л дундаж болохоос биш үнэндээ бол маш баталгаагүй нөхцөл, найдваргүй ирээдүй урд хүлээж байгааг та бид мэднэ. Хятадад л гэхэд дээд сургууль төгсгөсөн мэргэ­жил­тэнд төрийн албанд ажилласны эхний таван жил 40 ам.метр сууц, 15 жил ажилласны дараа 70 гаруй ам.метр талбай бүхий орон сууц маш хөнгөлөлттэй нөхцөлөөр авах эрх өгдөг. Энэ хугацаанаас өмнө орон сууцны асуудлаа шийдвэрлэсэн бол үнийн зөрүүг тооцож олгодог аж. Дундаж давхаргынхны амьдралын баталгаа гэж чухам юу байдгийг энэ жишээнээс харж болох байх. Харин Монголд дундаж давхаргын 37 өрх тутмаас ердөө нэг л хүн моргэйжийн зээл авах шаардлага хангаж байна.

Мөн Монголын дундаж төвшний өрх орлогынхоо 35 хувийг хүнсний хэрэг­лээн­дээ зарцуулдаг бол Щвей­царьт энэ үзүүлэлт 6-10 орчим хувь. Дундаж давхар­гыг хэмждэг үзүүлэлт нь ч, амьдралын чанар нь ч Монголынхоос арай өөр байна гэсэн үг. Тэгэхээр Монголд амьдралын батал­гаагаа биш боловсон царай, мэр­гэжлийн үнэмлэхээ харуу­лаад “дундаж дав­харга”-д харьяалагддаг нь олон гэсэн үг. Хэн ч харсан ядуу гэхээргүй атал ямар ч баталгаа, дэмжлэггүй тэр хэсгийнхнээс Монголын дунд­жуудын арми бүрдэж байна. Мөн тооны хувьд ч цөөхөн. Азийн хөгжиж буй орнуудад сүүлийн хорин жилд дундаж давхаргын эзлэх хувь 2,6 дахин өсч, 21 хувиас 56 хувьд хүрсэн байна. Харин Монголд хүн амын 3-6 хувь нь баян, 10 орчим хувь чинээлэг, 30 гаруй хувь нь дундаж давхаргад хамаарах статис­тик гарч байна. 

Өнөөдөр олонх улс орон нийгэм, эдийн засгийн хөгжлийнхөө гол зорилгыг  хүчирхэг чинээлэг дундаж давхаргыг бий болгох хэмээн томьёолох болсон. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ч мөн адил тангараг өргөх ёслолынхоо үеэр хэлсэн үгэн­дээ чинээлэг дундаж давхаргын хүчирхэг нуруун дээр улс орон хөгждөг учраас энэ хэсгийг дэмжихээ илэрхийлсэн. Учир нь нийг­мийн баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, бас татвар бүрдүүлэгч хамгийн гол хэсэг нь хүн амын дундаж давхаргынхан байдаг. Гэтэл Монголд дундаж давхарга нь ямар эмзэг, сул болохыг төсвийн орлого дахь хүн амын ашгийн татварын хувь хэмжээнээс мэдэрч болно.

Өнөөдөр Монгол Улс төсвийн орлогынхоо бараг 90-ээд хувийг татварын орло­гоос бүрдүүлж байгаа атал татварын орлого дотор аж ахуйн нэгж, байгууллагын ашгийн болоод хүн амын орлогын татвар ердөө 17 хувийг эзэлж байна. Энэ нь баялаг бүтээдэг, ажил эрхэлдэг, ашиг орлоготой чинээлэг дундаж давхарга маш сул байна гэсэн үг юм. Гэтэл дундаж давхарга хүрээгээ тэлж, хөлөө бэх­жүү­лэхээс өмнө баян, чинээ­лэг давхаргын хэмжээ эрс нэмэгд­сэн нь эрүүл бус хөгж­лийн загвар гэж гадны шинжээчид дүгнэж байна. Нийтийн хоолны сүлжээний бизнес биш хүн амын тусгай хэсэгт зориулсан өндөр үнэтэй брэндийн дэлгүүрүүд Монголд хүч түрэн орж ирж байгаа нь дээрх гажуудлыг хэмжих “барометр”. Зүй нь ажил, орлоготой дундаж давхарыг түшиглэсэн бизнес, брэндүүд олширч бай­вал нийгмийн хөгжил эрүүлээр урагшилж байна гэсэн үг. 

Монголын улс төр, нийг­мийн тогтолцоо нь албан тушаалт­нуудад мэдээлэл хийгээд эрх мэдлээ авлигаар худалдах бололцоог олгож, нөгөө талдаа популизм хийж иргэдийг амлалт, халамжаар хуурах нөхцөл рүү чирсэн. Харин үүний цаана эрх мэдэлтнүүдийг авлигаар, халам­жийнхныг орлогоор тэжээж ирсэн хамгийн том “хохирогч” нь дундаж дав­харгынхан байсаар ирсэн юм. Одоо тэд хөөрхий нуруу­гаа авахуулсан морь шиг болжж байна. Цаашид энэ улс орон хэний нуруун дээр хөгжих юм бол доо?!

З.БОРГИЛМАА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж