Тэргүүн хамбууд зөвлөлдөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Тэргүүн хамбууд зөвлөлдөж эхэллээ

Дэлхийн өнцөг булан бүрээс Ромын католик шашны хамбууд Ватиканд цуглаж, шинэ лидерээ сонгох ажилд орсон тухай BBC News мэдээлэв.

Фото: Osservatore Romano / AFP

Даваа гаригт эхэлсэн хамба нарын зөвлөгөөнөөр тэд Ромын тэргүүн хамбад хэнийг дэвшүүлэхээ ярилцаж, хамбыг сонгох хаалттай конклавыг хэдийд явуулахыг товлох ёстой юм. Зөвлөгөөнд 115 хамба лам оролцох ёстой, гэхдээ одоогоор зарим нь ирж амжаагүй байгаа гэнэ. Эхний өдрийн зөвлөгөөнийг хамба Анжело Содано даргалжээ.

Тэргүүн хамба нар Ромын католик шашны тэргүүнийг аль болох хурдан хугацаанд буюу Улаан өндөгний баяраас өмнө сонгохоор яаравчилж байгаа аж. Энэ жилийн Улаан өндөгний баяр гуравдугаар сарын 31-нд болох юм.

Ромын тэргүүн хамба асан XVI Бенедикт эрх мэдлээсээ татгалзах тухай шийдвэрээ зарласны дараа шашны дараагийн тэргүүнээр Гана улсын дээд хамба Питер Терксон тодрох хамгийн өндөр магадлалтай гэгдэх болсон юм. Тэрбээр 2009 оноос хойш Ромын хамба ламын Шударга ёс, энх тайвны зөвлөлийг толгойлж буй. Түүнээс гадна Италийн дээд хамба Анжело Скола, тэргүүн хамба Тарчизио Бертона нарын нэр ч яригдаж байгаа. Мөн католик шашинтнуудын дунд нэр хүндтэй Канадын хамба Марк Уэлл, Нигерийн хамба Фрэнсис Аринзе нарын нэр ч дуулдаж байна.

Ромын хамба XVI Бенедикт (Йозеф Ратцингер) өнгөрсөн сарын эхээр сайн дураараа шашны дээд цол хэргэмээс татгалзсан юм. Шалтгааныг нь өндөр нас, эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж