Нүүрсийг 10 хувиар нэмэх эсэхийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Нүүрсийг 10 хувиар нэмэх эсэхийг хэлэлцэж байна

Ирэх сарын 1-нээс эхлэн цахил­гаан, эрчим хүчний  шинэ буюу нэ­мэгдсэн
тарифыг  мөрдөх эсэхийг Засгийн газар, салбарын яамныхан хэлэлцэж,
шаардлагатай  судалгааг хийж байгаа. Тэд тус салбарынхны  “То­ног,
төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан. Одоо ашиглаж буй хүчин чадлаар
өдрөөс өдөрт нэмэг­дэж буй цахилгаан, эрчим хүчний хэ­рэг­лээг хангаж
дийлэхгүй” гэсэн тайлбарыг хүлээж аваад буй нь энэ юм.
 
Тэгвэл эрчим хүчний үнэ нэмэх эсэх нь тодорхой болоогүй байгаа энэ үед
цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг уурхайнууд болон энэ салбарт үйл
ажиллагаа явуулж буй нийт компанид “Нүүрсний үнийг  ч гэсэн нэмэх байх”
гэсэн хүлээлт бий болжээ. Монголын нүүрсний ассо­циацийн гүйцэтгэх
захирал Т.Наран “Нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа доголдож байгаа.
Ихэнхи уурхайн олон тэрбум төгрөгийн өртэй. Багануур, Шивээ-Овоогийн
уурхайн өрийг үндсэн хөрөнгийнх нь хэмжээтэй харьцуулбал бараг
дампуурчихсан шүү дээ. Жижиг уур­хайнууд эхнээсээ хаалгаа барьчих­сан.
Бид нүүрсний үнийг тодорхой хэмжээгээр нэмэх хүсэлтийг олон жилийн турш
тавьсан. Гэсэн ч одоог хүртэл нааштай хариу авч байгаагүй. Эрчим хүчний
үнэ, тарифыг нэмэх тухай хэлэлцэж байна. Тиймээс нүүрс­ний үнийг ч гэсэн
тодорхой хэм­жээгээр нэмэх шаардлагатай. Өмнөговь аймагт хилийн
ойролцоо байдаг цөөн уурхай л нүүрсээ экспортолдог. Харин үлдсэн нь дэд
бүтэц муутайн улмаас гадагш нь борлуулж чаддаггүй” гэсэн юм. Монголын
үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос шаардлага тавьсны үндсэн дээр
өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмэх
шийдвэрийг Нийг­мийн хамгаалал, хөдөлмөрийн яам­наас гаргасан билээ. Энэ
нь нүүрсний уурхайнуудын дарамтыг нэмж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар Багануурын нүүрсний уурхай нэг тонн нүүрсээ 18 мянга
200 төгрөгөөр борлуулж бай­на. Харин Шарын голын уурхай нэг тонн
нүүрсийг 26 мянга 275 төгрөг, Ши­вээ-Овоо уурхайн нүүрсийг 13 мянга 960
төг­рөгөөр тус тус борлуулж буй юм. Нүүрсний уурхайн удирд­лагууд саяхан
Эрдэс баялаг, эрчим хүч­ний яаманд хүсэлт тавьсан байна. Үүнд
Багануурын уур­хайн нэг тонн нүүрсний үнийг 23 мянга 975 төгрөг,
Шивээ-Овоогийнхыг 16 мянга 950, Шарын голын нүүрсийг 29 мянга 170
төг­рөг болгох шаардлагатай хэмээн тооцоолжээ. Нүүрсээ дээр дурьдсан
үнээр борлуулбал алдагдалгүй ажил­лана хэмээн тэд дүгнэж байгаа юм
байна. 

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын ахлах
мэргэжилтэн Б.Алтсүхээс нүүрсний үнийг нэмэх боломж бий эсэхийг
тодрууллаа.
 

-Нүүрсний салбарынхан “Ал­даг­далтай ажиллаж бай­на. Нүүрсний үнийг
нэмэх шаардлагатай” гэсэн хүсэлтийг удаа дараа тавьдаг. Одоо­гийн мөрдөж
байгаа үнэ зах зээ­лийн ханшид хэр нийцтэй юм бэ?  

-Нүүрсний уурхайнууд алдагдал­тай ажиллаж байгаа нь үнэн. Бага­нуур,
Шивээ-Овоогийн нүүрсний уур­хай тус бүр 70 орчим тэрбум төг­рөгийн өртэй
гэсэн тооцоо гарсан. Энэ нь уурхайнуудын өр үндсэн хө­рөнгийнх нь нийт
үнэлгээнээс илүү гарсан гэсэн үг.


-Тэгвэл ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Нүүрсний үнийг тодорхой хэм­жээ­гээр нэмэх хэрэгтэй. Гэхдээ үүнтэй холбоотой шийдвэрийг Зас­гийн газар гаргадаг шүү дээ.


-Эрчим хүчний үнийг нэмэх  эсэхийг одоо хэлэлцэж байна. Үүн­тэй холбоотойгоор нүүрсний үнийг ч гэсэн нэмэх боломжтой юу?

-Эрчим хүчний үнийг нэмэх эсэх нь одоогоор тодорхой болоогүй шүү дээ.
Гэхдээ нүүрсний үнийг 10 орчим ху­виар өсгөх талаар ярьж байгаа.
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтэн ийн ярив. Гэхдээ нүүрсний
үнийг 10 хувиар нэмэх магадлал маш бага гэдгийг ч тэрбээр онцлов. Учир
нь УИХ-ын сонгууль дөхөж байгаа үед нүүрсний үнийг төдийлөн нэмдэггүй
гэнэ. Энэ нь түүнийг дагаад эрчим хүчний болон бусад бараа
бүтээгдэхүүний үнэ өсдөгтэй холбоотой бололтой.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж