Брэнд бий болгох эрхзүйн орчны талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Брэнд бий болгох эрхзүйн орчны талаар хэлэлцэж байна

“Монгол брэнд”-ийг бий болгон дэлхийн зах зээлд гаргах уриалга дэвшүүлсэн “Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалт Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн орчин ба Монгол брэнд” сэдвийн доор явагдаж, салбар хуралдаан нь “Хүнсний бүтээгдэхүүн, Монгол хүнс Монгол брэнд болох нь”, “Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол брэнд болох нь”, “Аялал жуулчлал Монгол брэнд болох нь” сэдвээр  хуралдаж, салбар бүрийн онцлогийг хэлэлцсэн бол үдээс хойш “Хөгжлийн санхүүжилт”, “Хөдөлмөрийн зах зээл ба хүний нөөц” сэдвээр өрнөлөө. Хөгжлийн санхүүжилтийн асуудлаар Сангийн сайд Ч.Улаан, дэд сайд О.Чулуунбат, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх нар төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, хувийн хэвшлийнхэн санал бодлоо илэрхийлэн сонирхсон асуултдаа хариу авсан юм. Өнөөдөр манай улсад бизнес эрхлэгчдийн өмнө тулгамддаг хамгийн том асуудал нь хөрөнгө оруулалт, санхүүжилт байдаг. Тиймээс энэ асуудалд тэд хамгаас илүү анхаарч байв. Хувийн хэвшлийнхний зүгээс Чингис бондын тодорхой хувийг Монгол брэнд бий болгох, түүнийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхэд зориулаач гэсэн саналыг хэлж байлаа. Манай улсын санхүүгийн зах зээл өнгөрсөн 20 жилд өрөөсөн хөл дээрээ “догонцон” явж ирсэн гэж Ерөнхий сайдын зөвлөх жишин хэлсэн. Бизнес эрхлэгчид арилжааны банкаас өндөр хүү, богино хугацааны зээл авдгаас болж бизнесийн хөгжил зохих төвшинд хүрч чадахгүй байгааг тэрбээр онцлов. Тиймээс хөрөнгийн зах зээлийг яаравчлан хөгжүүлэх шаардлагатайг тодотгов.

Хөдөлмөрийн зах зээлийн тухайд ч шинэчлэх, боловсруулах олон ажил байна. Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо 39 мянга байна гэсэн статистик гарсан. Гэтэл үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 22 мянган сул ажлын байр эзнээ хүлээж байгаа гэнэ. Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт зохицохгүй байгаагийн гол шалтгаан өнөөгийн залуусын хөдөлмөрт хандах хандлагатай холбоотой аж. Нэг хүүхдээ нийслэлд их, дээд сургуульд 4-5 жил сургахын тулд эцэг эхчүүд 15 орчим сая төгрөг зарлагаддаг гэсэн тооцоо гарчээ. Гэтэл их дээд сургууль төгссөн залуусын олонх нь үйлдвэрт ажиллахаас “ичдэг” болсон нь өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн гажуудал гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байлаа. Түүнчлэн хөдөлмөрийн үнэлэмж доогуур, ажиллагсдын нийгмийн асуудал орхигддог, ажил олгогч эзэд хүмүүсийн нэг хоёр сараар ажиллуулан цалин олгохгүй хүний хөдөлмөр “мөлждөг” гэхчилэн олон чухал асуудлыг “Монголын эдийн засгийн форум-2013”-ын  “Хөдөлмөрийн зах зээл ба хүний нөөц” салбар хуралдааны тайзнаа хөндөн тавьсан.

Харин яг одоо “Монгол брэндийг төрүүлэх хууль эрхзүйн орчин” сэдвийн доор хэлэлцүүлэг өрнөж байна.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж