Оюун ухааныг мөнгө болгоход чиглүүлж ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Оюун ухааныг мөнгө болгоход чиглүүлж ажиллана

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тус аймгийг ирэх дөрвөн жилд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг баталсантай холбогдуулж аймгийн ИТХТ-ийн дарга Ч.Цэндсүрэнтэй ярилцлаа.

-Ажлаа юунаас эхэлж байна вэ?, ажлын байрыг авилгагүй болгоно гэснээс өөр юу төлөвлөж байна вэ?

-Бид хүнийхээ хүмүүжлээс эхэлье гэсэн бодолтой байна. Үүнийгээ гэр бүлийн хүмүүжил гэж томъёолж байгаа маань уламжлалт ёс заншил шүү дээ. Энэ чинь гэрийн, саахалтынх, нутаг усных гээд олон байдаг. Дараагийн зорилт бол өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээсэн дунд үйл ажиллагаагаа явуулъя гэж үзэж байгаа. Сүүлийн үед зөвхөн залуучууд, эмэгтэйчүүд гэх зэргээр өрөөсгөл байдлаар ханддаг болсон. Гэтэл ахмадууд маань жинхэнэ юмыг хийж ирсэн байдаг. Дарханы тухай гэхэд Дарханы бүх юманд нь оролцож хөдөлмөр зүтгэлээ зориулж байсан мэдлэг, туршлагатай, ёстой л нөгөө ухаан нь гарт нь орсон гэж ярьдаг биз дээ. Тийм хүмүүсийнхээ туршлагад тулгуурлаж ахмад, дунд үеийнхээ хөдөлмөрч чанар дээр залуучуудынхаа тэр эрч хүчийг нь дайчилж ажиллах бодолтой байна. Ер нь ирэх дөрвөн жилийн хөгжлийн тэр цар хүрээг нэлээд томоор харж байна л даа. Бид шинэ суурьшлын тухай асуудлыг хөндөж ярих цаг нь болсон. Энэ маань Дархан 3-ын тухай асуудал юм. Энд суурьшлын бүсийг бий болгож түүн дээрээ үндэслэж ухаалаг ч гэнэ үү, жишиг ч гэнэ үү, загвар ч гэнэ үү ийм хотынхоо суурь үндсийг нь тавьж өгөх хэрэгтэй байна. Ядаж л энэ бүхнийг төлөвлөж, төлөвлөснөө цаасан дээр буулгаж дараа дараагийн хүмүүсийн хийх юмыг нь тодорхойлж шинэ хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулъя гэсэн зорилго байгаа.

-Аймгаа хөгжүүлэх дөрвөн жилийн хөтөлбөр гарлаа. Эхний ээлжинд ямар ямар гол ажил хийгдэх вэ?

-Одоохондоо гэвэл Дархан хотыг орон сууцжуулах асуудал нэлээд хүчтэй яригдана. Үүнд наад зах нь л гэр хорооллын чанарыг сайжруулах асуудал, дэд бүтэц бий болгох, айлууд хэд гурваараа нэгдэж газар дээрээ орон сууц барих зэрэг ажлуудыг хийж эхлүүлэх хэрэгтэй болж байна. Мөн өмнөх удирдлагуудын хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлж  ялангуяа үйлдвэр технологийн паркийн ажлыг түлхүү анхаарч хэрэгжүүлье гэсэн байр суурьтай байна. Энэ чиглэлээр иргэдийн төлөөлөгчдөөсөө ажлын хэсгийг байгуулж ажилд нь оруулж судлагаа шинжилгээний ажлыг нь эхлүүлсэн. Дээр нь нэмээд олон улсын хэмжээнд явагдаж байгаа Мэдээлэл технологийн парк байгуулна. Энэ нь цэвэр оюун ухаанд суурилсан, оюуны өмчийг мөнгө болгож хувиргах ажлууд бий. Үүнийг Дархандаа суурьшуулъя гэсэн бодол байна. Шинжлэх ухааны технологийн парк гэж бас бий. АНУ-ын цахиурын хөндий гэж яригддаг цэвэр шинжлэх ухаан технологийн паркийн чиглэлээр явагдсан юм билээ. 1970-80-аад оны сүүлээр нийтэд хэрэгжиж эхлээд одоо бүүр хүчээ авчихсан. Монголд 2005 оноос асуудлууд нь яригдаж бодлогын баримт бичгүүд нь гарч мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдлэг давамгайлсан буюу оюуны өмчийг мөнгө болгож хувиргах чиглэлүүд яригдаж байна. Цаашлаад энэ технологитой холбогдсон судлагаа, шинжилгээний ажлуудаа ч хийе, бодлогын бичиг баримтуудыг нь гэсэн боловсруулъя, энэ чиглэлээр иргэдийн хурал маань бодлогоо гаргаж түүнээсээ үргэлжлээд хэрэгжүүлэгч газрууд нь гүйцэтгэдэг байх чиглэлээр явая гэсэн бодолтой байгаа

-Урьдынхаас шинэлэг, илүү шинэлэгээр ажиллана гэж та энэ ажлыг авах үедээ ярьж байсан, дээр өгүүлснээс гадна бодож төлөвлөж байгаа юм өөр юу байна вэ?

-Өө юм юм л байна. Үүнээс бас нэг бодож байгаа юм гэвэл үнэт цаас гаргаж үздэг юм бил үү гэсэн бодол байна. Хэрвээ иргэд маань миний энэ санааг дэмжвэл эрсдлийн сан ч гэж нэрлэнэ үү, орон нутгийн хөгжлийн сан ч гэнэ үү, ийм нэг сан бүрдүүлж түүнийгээ бонд, хувьцаа, дебидент юм уу, ямар хувилбар байх нь вэ, тэр хувилбараар нь гаргаад өөрсдийнхээ гар дээр байлгаж байгаа тэр юмнуудаа төртэйгээ хамтраад байгуулчихвал эргээд нэг хэсэг нь мөнгөө хуримтлуулдаг. Нөгөө хэсэг нь тэрнийг нь зээлдэж ч юм уу, ямар нэгэн хэлбэрээр ашиглаж үйлдвэрлэл үйлчилгээ явуулах чиглэлээр туршиж үзвэл яах бол гэсэн бодол бий. Одоо ажиллахгүй байгаа сайхан технологитой, сайн тоног төхөөрөмжтэй, үйл ажиллагаа нь тийм ч сайн биш доголдсон ч юм уу, зогсонги байдалтай байгаа үйлдвэрүүд байна л даа. Эдгээрт анхаарч хүмүүсийг хооронд нь холбож өгөе гэж бодож байна. Хөрөнгөтэй хүн нь мэдлэгтэй, хөдөлгөөнтэй одоо үед баг гэж нэрлэж байгаа менежментийн багт нь тэр тоног төхөөрөмжүүдээ гэрээгээр эзэмшүүлэх замаар хамтарч, цаашлаад гурав, тав дахь баг нь үйл ажиллаагаа явуулчихдаг. хөрөнгөтэй хүн нь тэднээс ноогдол ашиг ч юм уу, хувиа ч юм уу хүртээд явдаг, иймэрхүү байдлаар хүмүүс хоорондын, байгууллага хоорондын холбоо хэлхээсийг хангаж өгөе гэж зорьж байна. Алийн болгон бид энэ бүхнээ хүнээс нууж бодчихоод өөртөө шингээгээд байгаад байх юм бэ. Бодол гэдэг чинь өөрөө мөнгө болж хувирах боломжуудыг нь гаргаж өгөе гэсэн олон зүйлийг боддог доо.

-Тухайн хүний юу бодож байгааг хэн яаж мэдэх юм бэ?, Үүнийгээ хүмүүст яаж хүргэх вэ?

-Энгийнээр бодоход нэг тийм кофе байгаасай ч гэж боддог. Манай залуучууд үүнийг санаачлах байх гэж найдаж байна. Түүн дээрээ бодол санаагаа бичиж олон түмэнд хүргэдэг. Энэ нь би энэ бодлоо, энэ санаагаа тавин мянгаар худалдана, зуун мянгаар өгнө гээд тавьчихсан байдаг. Тэр санааг нь ажил хэрэг болгоё гэж дэмжсэн хөрөнгийн бололцоотой хүн нь уулзаж ярилцаад тэр санааг нь худалдаж аваад ажил, үйлдвэрлэл болгож бие биендээ харилцан ашигтай ажиллаж чаддаг болох ёстой гэдгээр хүмүүсийг нээж өгөе гэдэг бодол л доо. Үүн дээрээ аймгийн ИТХ-ыг 12 жил удирдсан Л.Гүнчин дарга, түрүүчийн тэргүүлэгч, төлөөлөгчдөөс гарсан “Иргэний танхим” гэдэг санаанууд бий, үүнийг жинхэнэ иргэдэд нь хүрсэн хэлбэрээр явуулж иргэдийн гаргасан санал санаачлагыг бодлогын бичиг баримтуудад тусгах чиглэлээр ажиллана. Амьдрал болон бусад чиглэлтэй санал гарвал төр түүнийг нь ажил хэрэг болгож хэтийг харсан төлөвлөлттэй болох гэж зорьж байна.

-Цаашдын дөрвөн жилд ялангуяа энэ салбарыг түлхүү анхаарах юмсан гэсэн ямар бодол байдаг вэ

– Төмөрлөгийн цогцолбор үйлдвэрүүд байгуулдагдана. Энэ нь төмрийн хүдэр маань эцсийн бүтээгдэхүүн болтлоо дамжих ёстой. Энэ бүхэн төрийн бодлогын бичиг баримтуудад туссан зүйл. Газрын тосны үйлдвэрийг байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бий. Ер нь бидний хөгжлийн чиг хандлага маань оюун ухааны талаар эрдэмтэдийн гаргасан санааг л ажил болгоё гэсэн гол чиглэл. Оюун ухааны багтаамж гэдэг нь эхлээд судлагааны ажлууд нь ихээр шаадагддаг бол дараачийнх нь хөрөнгө оруулалтын асуудал байдаг. Ийм хоёр зүйлийг хийж чадвал өндөр ашигтай, өртөг багатайгаар үр дүнд хүрнэ гэж бодсон. Иймээс бидэнтэй хамтарч ажиллах хүмүүс, эрдэмтэн мэргэд байвал хамтраад ажиллаж үзэе гэж бодож байгаа. Дэлхийн төвшинд Биотериол гэж биологийн материал гэдэг шинэ технологи гарч ирсэн. Энэ технологиудыг Дархандаа, Монголдоо суурьшуулах юмсан гэсэн бодолтойгоор эхлэлийг нь ямар ч байсан тавия. Зарим нэг учир мэдэх хүнтэй ярилцаж байхад дэлхийн эдийн засаг эсийн төвшинд очсон гэж ярьж байгаа, бүүр тийм болтлоо техногиуд нарийссан байгаа. Мэдээллийн технологи гэдэг чинь зуугад жил болсон байхад дахиад шинэ технологи ороод ирчихсэн байна. Монголын болон дэлхийн улс төрийг хэтдээ авч явах технологи байгаа юм. Тэхээр энэнээс үйл ажиллагаагаа эхлэх юм биш үү гэсэн саналуудыг ярьдаг. Үүнээс үүдэж баг гаргаад ажиллаж байна. Тэд нар маань санаа оноо гаргаад ирсэн нөхцөлд нийтэд хүртээлтэй болгоно.

-Төсвийн хувьд орон нутгийн эрх мэдэл нэмэгдсэн, Төрийн анхан шатны нэгж багаас эхлэж багийн Иргэдийн нийтийн хурал гэж байдаг. Тэднийг олигтой ажиллахгүй байна гэсаэн шүүмжлэл их гардаг, Харин өнгөрсөн дөрвөн жилд харин гайгуу ажилласан уу?

-Төрөөс энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байна. Багийн ИНХ-ыг амьд болгосон зүйл гэвэл “Тогтвортой амжиргаа-2” төсөл юм. Уг төсөл анх иргэдийн санал санаачлагад тулгуурлаж гарсан зүйлийг ажил хэрэг болгож багууд маань сайн бэхэжсэн гэж үздэг. Шинэчлэлийн Засгийн газар маань нэг зүйлийг орхигдуулсан. Энэ нь төсвийг нээлттэй болгоод орон нутгийн эрх хэмжээг нь нэмчихээд боловсон хүчнийхээ бодлогыг босоо тогтолцоонд татаад авчихсан. Үүнийг цаашдаа харж үзэх байх аа. Үнэхээр орон нутгаа анхаарч үзэе гэж байгаа бол түүнийгээ өгчихсөн нь дээр л дээ. Би аймаг ч гэсэн бодлогуудыг гаргаж өгдөг, тэр бодлогууд нь их тодорхой байх ёстой. Тэгээд анхан шатны баг, сум, иргэд нь санал санаачлагуудаа гаргаад түүнийг нь аймаг дэмждэг байх хэрэгтэй. Тэгж нэг хөдөлсөн байхад зогсохгүй шүү дээ. Энэ чиглэлээр аймгийн иргэдийн хурал ажиллана гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд бид бүгдээрээ судлаач байя, тэр судлагаандаа үндэслэж бодлогуудаа гаргая, түүнийгээ хэрэгжүүлдэг болоё, төгсгөлд нь судлагаа, хөгжил гэдэг хоёр томъёололд монголчууд бүгдээрээ хамтарвал үр дүнд хүрч чадна. Бид хэтэрхий биенийгээ шүүмжилж янз янзаар ярьж ханалаа. Улс төржиж хоёр талдаа ч гарч үзлээ. Одоо ч гэсэн Дарханд энэ байдал үргэлжилж байна. Иймэрхүү байдлаар биш бүгдээрэ нэгэн зүгт харж сэтгэж ажиллаж шинээр гарч техник технологийг олж авч түүнийгээ ашиглаж амьдрал ахуйгаа сайжруулах ажлыг хийх цаг нь болсон гэж хэлмээр байна. Ингээд сар шинэдээ сайхан шинэлэхийг танай сониноор дамжуулж Монголынхоо нийт ард түмэндээ ерөөж байна.

Б.Норовсамбуу
Эх сурвалж: http://info.e-darkhan.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж