“Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

Эх орондоо анх удаа зохион бай­гуулсан чөлөөт бөхийн эмэгтэйчүү­дийн Дэлхийн цомын тэмцээнд манай улс амжилттай оролцлоо. Азийн төлөөлөл болсон гурван баг медалийн тавцанд зогсч, чөлөөт бөхөөр ямагт шилдгүүд гэдгээ дахин нотлов. Хүрэл медалийн төлөө Японы залуу тамир­чид Америкийн шилдэг багийг 4:3-аар хожсон. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд манай улс анх удаа шалгарч, дэлхийн цомын таван удаагийн аварга Хятадын хүчирхэг багийн эсрэг дэвжээнд гарлаа. Мон­гол­чуудын уухайн дор болсон шийд­вэрлэх барилдаанд манайхан 3:4-өөр харамсалтай ялагдал хүлээв. Уг нь манайханд том боломж гарч ирсэн ч үүнийгээ тэд ашиглаж чадсангүй. Гэхдээ дэлхийн цомын анхны меда­лиа мөнгөөр эхлүүлэв. Монголын та­мирчдын хувьд 2008 оноос хойш тав дахь удаагаа шилдэг наймд шалгаран дэлхийн цомд өрсөлдсөн нь энэ. Нутгийн дэвжээ манайханд мөнгөн медаль хайрлалаа. Тэдний медальд хүрэх зам тийм ч амар байгаагүй. Дэлхийн топ өрсөлдөгч болох Канад, Японы багийг хожсон. Гэвч Хятадын багт жижиг алдаанаас болж ялагдал хүлээв. Монголын тамирчид дэвжээн дээрээ илүү байсан ч тактикийн алдаа гарган алтан медалиас атгаад алдав. Гавьяат тамирчин О.Насанбурмаа, олон улсын хэм­жээ­ний мастер Б.Одон­чимэг нарын нэг нь жаахан л идэвх гаргасан бол алтан медаль манайхны гарт орох байсан. Монго­лын бүсгүйчүүд ирэх жил хүртэл дэл­хийн цомыг өөртөө хадгалж, “Дэлхийн цомын аварга” гэсэн гуншинтай болох байлаа. Эхний өдөр тааруухан ба­рилд­сан Э.Даваачимэг шийдвэрлэх барил­даанд хэрэгтэй ялалт авсан. Мөн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг шилдэг гэдгээ нотолж дөрөв барилдахдаа бүгдэд нь өрсөлдөгчөө цэвэр ялсныг онцолж байна. Ингээд дэлхийн шилдэг найман баг оролцсон тэмцээний сурвалж­лагыг хүргэе. 

ОЛИМП БОЛОН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛЬТАЙ 15 БӨХ МОНГОЛЫН ДЭВЖЭЭНД ӨРСӨЛДӨВ

13 дахь удаагийн дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ор­донд болов. Олимп, дэлхийн медальт­нууд оролцсон уг тэмцээний нээлтийн ёслол нэлээд өвөрмөц болсныг үзэг­чид онцоллоо. Дэлхийн цомын тэм­цээ­нийг нээж Соёл, спорт, аялал жуулч­лалын сайд Ц.Оюунгэрэл үг хэлсэн бөгөөд тэрээр “Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг манай оронд зохиох бололцоог олгосон ФИЛА-гийн удирдлага, Ази тивийн бөхийн холбоо­ны ерөнхийлөгч Жан Кию Ким нарт талархлаа илэрхийлье. Шинэчлэлийн Засгийн газраас нийтийн биеийн тамир, спортыг шинэ шатанд гаргах, спортын олимпийн төрлүүдийг улам хөгжүүлэх, түүний дотор эмэгтэй спортын төрлийг эрчтэй өргөжүүлэх талаар онцгой анхаарч эхэлсэн. Олимпийн төрлөөр өндөр амжилт гаргасан тамирчдад насан туршид нь урамшуулал олгох, үндэсний шигшээ багийн тоог нэмэгдүүлэх гэх зэрэг тодорхой арга хэмжээг авч байгаа нь спортын хамт олны урмыг сэргээж байгаа гэдэгт итгэж байна” гэж хэлээд, нийт тамирчдад амжилт хүссэн юм. Энэ удаагийн тэмцээнд оролцсон бөхчүүдийн чансааг харвал олимпийн медальтай хоёр, дэлхийн аварга гурав, дэлхийн аваргын медальт 10, залуучуудын болон оюутны, өсвөрийн дэлхийн аварга нийлээд 14, тивийн аварга найм, тивийн наадмын аварга дөрөв зодогложээ. Үүнээс гадна залуучууд, өсвөр, оюутны дэлхийн аваргын медальтнууд зодоглосон нь уг тэмцээний чансаа, бас өрсөл­дөөнийг харууллаа. Нэг ёсондоо 2016 оны Рио-де Жанейрогийн олимпод оролцох тамирчид Монголын дэв­жээнд зодоглосон гэдгийг мэргэжилт­нүүд онцолж байгаа юм. Нээлтийн ажиллагааны үеэр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид ФИЛА-гийн гишүүн 180 орны төрийн далбааг барьж бүжиглэсэн нь олон хүний анхаарлыг татсан. Үүнээс гадна тэмцээнд оролцож байгаа найман орны шилдэг тамирчид олимпийн эв нэгдлийн таван цагираг, “Бөхийн спортоо аварцгаая!” гэсэн үгтэй зурагт самбар барьж дэвжээг тойров. Энэ нь чөлөөт бөхийн спортыг 2020 оны олимпийн наадмаас урьдчилсан байдлаар хасах шийдвэр гарсантай холбоотой аж.  

ШИЛДГҮҮДИЙН БАРИЛДААНД МОНГОЛ, ХЯТАДЫН БАГ ИЛҮҮРХЛЭЭ

Дэлхийн цомд өрсөлдсөн найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн. “А” хэсэгт БНХАУ, АНУ, Беларусь, Казахстаны баг багтсан. Энэ хэсгээс хамгийн хүчтэй бөгөөд бэлтгэл сайтай нь хятадууд байлаа. Тэд эхний учраа болох Беларусийн шигшээг 7:0-ээр хожиж, Казахстаныг 6:1-ээр илүүрх­сэн. Харин АНУ-ыг 5:2-оор буулгаж авсан юм. Уг нь АНУ болон Хятадын багийн хооронд ширүүхэн өрсөлдөөн гарах болов уу гэсэн таамаг байсан ч “Сэм Авга”-ын нутгаас дэлхийн авар­гын мөнгөн медальт Елена Марилиус, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Елена Пирожкова нар л өрсөлдөгчөө ялсан. Харин бусад нь дараалан ялагдсан юм. Ингэснээр хятадууд хэсгээ тэргүүлж алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болов. Харин “Б” хэсэгт Монгол, Япон, Энэтхэг, Канадын баг багтлаа. Хэдийгээр сугалаа хатуу таарсан ч манай бөх­чүүд дэвжээндээ эзэн нь байж чадсан. Ялангуяа гавьяат тамирчин О.Насан­бурмаа, С.Батцэцэг, О.Бурмаа, олон улсын хэмжээний мастер Б.Одон­чимэг нарыг онцлохгүй байхын арга­гүй. Тэд “Буянт-Ухаа” спортын ордонд цугласан үзэгчдийн уухайн дуунаар хүч орж, дэвжээний эзэн ямар байд­гийг жинхэнэ утгаар нь харуулсан барилдаан гаргав. Манай тамирчид эхний тойрогт Канадыг 4:3-аар хож­сон. Ингэхдээ 3:1-ээр хожигдож бай­лаа. Гэвч О.Насанбурмаа, С.Батцэ­цэг, О.Бурмаа нар бүх зүйлийг өөрс­дийн талд шийдсэн. Тэд Канадын шил­дэг тамирчдыг дараалан сөхрүүлс­нээр эхний ялалтыг багтаа авчирсан юм. Харин Энэтхэгийн багийн эсрэг манайхан итгэл төгс барилдаан үзүүлж 5:2-оор хожив. Хоёр дараалан ялалт авсан Монголын баг шийдвэр­лэх барилдаанаа Японы бүсгүйчүү­дийн эсрэг хийсэн юм. Хэзээний л шилдэг өрсөлдөгч байж чаддаг арлын орны тамирчдыг манайхан дэвжээн дээрээ 4:3-аар хожиж, 13 дахь удаа­гийн дэлхийн цомын тэмцээний ээл­жит шуугианыг тарьсан. Японы хувьд 2016 оны олимпод оролцох бүрэл­дэ­хүүнээ авчирсан гэдгийг дасгалжуу­лагч нь хэлж байсан юм. Ц.Энхжаргал, Э.Даваачимэг, С.Бямбацэрэн нар өрсөлдөгчдөө дараалан ялагдсан ч 59 кг-д Т.Мөнхтуяа, 63 кг-д С.Батцэцэг, 67 кг-д О.Насанбурмаа, 72 кг-д Б.Одончимэг нарын ялалт Монголын багийг анх удаа алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийг нээв. Монголын бүсгүйчүүдийн хувьд анх удаа Японы шилдэг багийг буулган авсан.

МИНИЙ МӨРӨӨДЛИЙГ АВРААЧ…

Энэ бол дэлхийн цомын тэмцээ­ний гол уриа байлаа. Учир нь, уг тэм­цээ­ний өмнө 2020 оны олимпоос чө­лөөт бөхийг хасах шийдвэр гарсан. Хэ­дийгээр эцсийн байдлаар батлаа­гүй ч орон орны чөлөөт бөхийн зүт­гэлтнүүд үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Тэгвэл энэхүү тэмцэл Мон­голд бол­сон дэлхийн цомын тэм­цээ­ний үеэр ч үргэлжилсэн. “Миний мө­рөөдлийг авраач” гэсэн үг Буянт-Ухаа спортын ордны баруун дээд талд байр­лажээ. Дээр нь олимпийн таван цага­ригийг эмэгтэй бөхчүүд барьж заалыг тойр­сон нь бас л чөлөөт бөхийг олим­поос хасуулахгүй байх үзэл санаагаа илэрхийлсэн хэрэг байсныг дурдъя.

ГАДУУРХАГДСАН ХЭВЛЭЛИЙНХЭН

Манай улсад дэлхийн цомын тэм­цээн анх удаа болж байгаа болохоор эх орноо сурталчлах том боломж олдсон. Гэвч чөлөөт бөхийн холбоо­ныхон энэ тал дээр хойрго хандсан гэвэл хилсдүүлсэн болохгүй биз. Ганцхан телевизэд давуу эрх олгос­ноороо спортод элэгтэй олон хэвлэл, мэдээллийн байгууллагын дургүйц­лийг төрүүлсэн гэхэд болно. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Чинбатын гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн телевизүүд эх орондоо болж байгаа томоохон тэмцээний мэдээллийг ард түмэнд хүргэж чадах­гүйд хүрсэн. Нэр хүндтэй энэ тэмцээ­ний мэдээллийг “Монгол” телевизээс өөр аль ч сувгаар дамжуулаагүй нь ха­рамсалтай. Тэд сурвалжлага хүр­гэх эрх авахын тулд нэг хүний 270 мян­ган төгрөгийн хураамж төлөх ёс­той байсан аж. Уг тэмцээнийг ганцхан манай улс шууд зохион байгуулаагүй гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбооныхон умартсан бололтой. Ер нь хэвлэл мэдээллийн ажилтнууд ажлаа хийхэд багагүй хүндрэл гарч байсныг зориуд дурдаж байна.

ХЭН, ЮУ ХЭЛЭВ


Хятадын шигшээ багийн дас­галжуулагч ЛИ ХАЙ:
Хятадын баг дэл­хийд үргэлж хүчтэй өрсөлдөгч бай­саар ирсэн. Энэ удаа ч гэсэн бид үү­нийгээ нотоллоо. Дэлхийн цомд хам­гийн олон түрүүлсэн баг болсондоо баяртай байна. Хөрш орон маань 13 дахь удаагийн тэмцээнийг маш сайн зохион байгууллаа. Эцэст нь хэлэхэд, Монголын тамирчид болон хөгжөөн дэмжигчидтэй барилдах үнэхээр хэцүү байлаа. Үнэхээр шилдэг хөг­жөөн дэмжигчидтэй юм. Бидний хамгийн гол өрсөлдөгч яах аргагүй Монголын баг байсан. Гэхдээ бид ялж чадсан. Сэтгэл хангалуун байна.

Канадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.ЛХАМСҮРЭН: Тэмцээний зохион байгуулалт сайхан боллоо. Монголдоо ирэх үнэхээр сайхан байна. Канадын шигшээ багийг ахлах боломж олгосон тус улсын чөлөөт бөхийн холбоонд маш их баярласан. Эх орондоо ирээд найз нөхөд, дүү нартайгаа уулзах сайхан байна. Манай багийн хувьд медаль авах зорилготой ирсэн ч чадсангүй. Багууд үнэхээр хүчтэй бүрэлдэхүүн­тэй иржээ.

Японы шигшээ багийн ахлагч Оно КЁТОРО:
Монголын дэвжээнээс хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Бидний зорилго алтан медаль байсан. Гэвч Монголын тамирчдад хожигдсон. Монголчууд үнэхээр бяртай юм байна гэдгийг мэдэрлээ. Цаашид Японы ч гол өрсөлдөгч байх болно. Тэмцээний зохион байгуулал­тад сэтгэл хангалуун байна. Бид медальтай буцна гэдэгтээ итгэлтэй байсан. Хүрэл медалийн төлөө АНУ-ын хүчтэй багтай барилдах эвгүй байсан ч ялалт бидний талд байлаа.

Гэрэл зургийг www.wrestling.mn

Б.МӨНХЗУЛ

“ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж