Дүрмээ тодорхой болгох шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Дүрмээ тодорхой болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-Саяхан УИХ-ын хэсэг гишүүд АНУ-д ажиллаад ирсэн. Ажлын айлчлалийн зорилго юу байв?

-Хоёрдугаар сарын 13-21 -ний өдрүүдэд УИХ-ын дэд дарга С.Баярцогт тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын шүүх эрх мэдлийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцахаар ажлын айлчилал хийлээ. Энэ хүрээнд АНУ- ын Конгресс дахь Монголыг дэмжих бүлгийн гишүүдтэй уулзалт хийж, тус улсын Дээд шүүх, шүүхийн захиргаа, Нью-Йоркийн тойргийн шүүх, давж заалдах шатны шүүх, Холбооны Мөрдөх Товчоо, Маршалын албаны үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганы дарга В.Жеремик, Хууль зүйн асуудал эрхэлсэн ЕНБД-ын орлогч П.Обриен нартай тус байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцож уулзалт хийлээ. Бидний ажлын айлчлалын гол зорилго бол Мөрдөх албаны болон Хамгаалах /Маршалл/ албаны тухай хуулийг боловсруулж байгаатай холбогдуулан АНУ-ын ижил төрлийн албадуудын үйл ажиллагаатай танилцах явдал байсан юм. Ажлын айлчлал ажил хэрэгч, үр дүнтэй, чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

-Өнгөрсөн намрын чуулганаар Хууль зүйн байнгын хороо ямар ажил хийж гүйцэтгэсэн бэ?

-УИХ- ын намрын ээлжит чуулганы хугацаанд ХЗБХороо эрхлэх асуудлынхаа хүрээнд нийтдээ 26 хууль, УИХ-ын 5 тогтоол болон бусад 5 асуудлыг хэлэлцэж, Шүүх байгуулах тухай, хаягжуулалтын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэх мэт 14 хууль, Шүүгчийн орон тоо батлах тухай зэрэг 5 тогтоолыг нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Мөн байнгын хорооны тогтоолоор хянан шалгах, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 8 ажлын хэсэг байгуулж холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явууллаа. Тухайлбал хүн худалдаалахтай тэмцэх тухай, авилгатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтинд хяналт тавин ажиллаж байна. Ер нь бол ХЗБХороо эрхлэх асуудлынхаа хүрээнд өнгөрсөн хугацаанд ихээхэн ажил амжуулсан. Цаашид ч хийх ажил их байна. Чуулганы завсарлагаар бид хаврын чуулганд хэлэлцүүлэх асуудлуудаа бэлтгэх, судлах, боловсруулах ажлуудыг хийж байна.

-Та өөрөө ямар хууль санаачилж өргөн барьсан бэ?

-ХЗБХорооны даргын хувьд байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа бүхий асуудлуудад санал бодлоо тусгуулаад явж байгаа. Харин Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтанд нэмэлт оруулах тухай зэрэг УИХ-ын тогтоолын төслүүдийг Х.Тэмүүжин гишүүний хамт санаачлан боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Дэгийн тухай хуульд яагаад нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон гэхээр санал хураалтын цаг тодорхой бус байдгаас бусад ажил жишээлбэл иргэд сонгогчид, зочид, төлөөлөгчтэй уулзах уулзалт зэргийг товлоход хүндрэл учирдаг. Уул нь энэ асуудлыг зохицуулахаар 2010 онд дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 22.3.5 дахь заалтыг шинээр нэмсэн боловч өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Тиймээс баасан гарагийн 11 цагт санал хураалт явуулж байхаар нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилсан юм. Ингэснээр иргэд ч ямар хуулиуд батлагдаж байгааг ил тодоор тодорхой мэдэх боломжтой болох юм. Нөгөө нэг хуулийн төсөл болох Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хувьд төрийн тусгай хамгаалатанд байгаа иргэн, албан тушаалтан гэмт хэрэгт холбогдон цагдан хорихоор таслан сэргийлэгдсэн, шүүхээр гэм буруутай нь тогтоогдон хорих, баривчлах болон албадан ажил хийлгэхээр шийтгэгдсэн тохиолдолд цалингаас бусад үйлчилгээ, төрийн хамгаалалтыг түр түдгэлзүүлдэг, зогсоодог байх хууль юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогсон тохиолдолд иргэн албан тушаалтан хэнд ч бай шударга ёсны хувьд тэгш эрхийн зарчим үйлчлэх ёстой. Уг нь энд бас төрөөс олгосон одон медалийн асуудал хөндөгдөнө. Мөн түүнчлэн хамгаалалтын ажилтнуудын үйл ажиллагаанд үүсч буй элдэв зөрчлийг арилгах эрх зүйн шаардлага үүссэн. Тиймээс уг хуулийг санаачилсан.

-УИХ-ын ёс зүйн дэд хорооны дүрмийг хэлэлцэх үед таныг "хүний амь бүрэлгэхэд хүндэтгэх шалтгаан хэрэгтэй" гэсэн талаар сонин хэвлэлээр гарсан. Та энэ талаараа тодруулахгүй юу?

-Тиймээ тэгсэн. Чингис хаан Жамуха андаа хороохын өмнө иймэрхүү үг хэлсэн байдаг. Би асуудалд анхааралтай нухацтай хандаасай гэсэндээ хааны энэ үгийг дурдсан. Улс төрч ч бай иргэн ч бай хэний ч хувьд ёс зүй нь тухайн нийгмийн нөлөөлөл, зан заншил, өссөн орчин, мэдлэг боловсрол, хүмүүжил зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. УИХ-ын гишүүн иргэд, сонгогчидоос сонгогдсоныхоо хувьд хийж буй үйлдэл, хэлсэн үг, биеэ авч яваа байдал бүхэн нь нийгэмд эерэг болон сөрөгөөр нөлөөлж байдаг. Тиймээс ч ёс зүйн өндөр хэм хэмжээг шаардах нь зүйн хэрэг. Энэ бүхэнээс үзэхэд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмээ маш тодорхой болгож түүнийгээ даган мөрддөг байх хариуцлагын тогтолцоог тодорхой болгох талаар санаагаа хэлсэн нь тэр. Тэгээд шийдвэр гаргах гишүүд нь хэн байх вэ. Өөрөөр хэлбэл ёс зүйн дэд хороо ямар бүрэлдхүүнтэй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл ижил эрхтэй УИХ- ын гишүүд нэг нэгнээ ёс зүйтэй, зүйгүй гэж дүгнэлт гаргах нь хэр зохистой бол. Тиймээс ёс зүйн дэд хороог парламентад олон удаа сонгогдсон, ахмад тулхтай, туршлагатай УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх нь оновчтой гэсэн байр суурьтай байгаа юм.

-Засгийн Газрын үйл ажиллагааг ямар түвшинд явж байна гэж та бодож байна?

-Шинэчлэлтийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар боллоо. Энэ хугацаанд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр нилээд ажлыг амжуулаад байна. Макро төвшинд зарим нэг ахиц гарсан. Мөн Оюу толгой, Таван толгой, Чингис бонд, Бүтээн байгуулалтын томоохон төслүүд зэрэг асуудлуудаар улс орны эрх ашгийг тэргүүнд тавьж уялдаа холбоог сайжруулах чиглэлээр МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Монгол банкнаас тодорхой бодлого явуулж байна. Бидэнд хийх ажил их байгаа. Өөрөөр хэлбэл үлдэж байгаа гурван жилд улс орны эдийн засгийг өөд нь татаж ажлын байр, хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ амьжиргааг эрс дээшлүүлэх шаардлага тулгараад байна. Монгол улс хөгжих үү, эс хөгжих үү гэсэн салаа замын уулзварт ирээд байна гэж би өмнө нь бичиж байсан. Үүний тулд Засгийг газар эрчимтэй ажиллах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм л даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж