Цөмийн энергийн газраас өнгөрсөн баасан гарагт “Цөмийн энергийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа. Уг сургалт семинарт Цөмийн энергийн газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, цөмийн технологийн чиг хандлага, хэрэглээ, хөгжлийн талаар илтгэл тавьсан юм.
Энэ үеэр “Монгол Улсын цөмийн технологийн хөгжил” сэдвээр илтгэл тавьсан Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газрын дарга Б.Баярбадрахаас цөөн асуултад хариулт авсан юм.
-Манай улсад цөмийн технологийн хэрэглээний талаар хэчнээн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
-Цөмийн эрчим хүч, цөмийн технолгийн чиглэлд маш олон төслийг гадаад дотоодын санхүүжилтээр эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн чиглэлд хэрэгжүүлж байна. Манай улс олон улсын Атомын энергийн агентлагийн техник хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдан 60 гаруй төсөл хэрэгжүүлж, 12 сая ам.долларын тусламж авсан байдаг. Монгол Улс, олон улсын Атомын энергийн агентлаг хоорондын 2009-2014 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 1.8 сая еврогийн өртөг бүхий найман төслийг хэрэгжүүлэхээр баталсан байгаа. Мөн цөмийн аюулгүй байдал, цацрагийн хяналтыг сайжруулахтай холбоотой төслүүд Европын холбоо, АНУ-ын эрчим хүчний яамны санхүүжилтээр хэрэгжиж байна. Түүнчлэн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бүрдүүлэх зорилгоор хоёр үе шаттай хөтөлбөрийг Цөмийн энергийн газраас санхүүжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны бусад байгууллагуудтай хамтран найман дэд төслийг одоогоор хэрэгжүүлж байна.
-Хөдөө аж ахуйн салбарт цөмийн технолгийг ашигласнаар нэлээд дэвшилт гарна гэж байсан?
-Ирэх 2014 он хүртэл хэрэгжих төслийн 49 хувь нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжихээр байгаа. Мал аж ахуйн салбар бол манай уламжлалт аж үйлдвэрийн салбар. Тиймээс малын халдварт өвчнийг бууруулах, үржил шимийг сайжруулах нь маш чухал. Харин газар тариалангийн салбарын хувьд үр, тарианы төрлийг сайжруулах, хурааж авсан хүнсний ногоогоо ариутгах хадгалах, хугацааг нь уртасгах зэрэг шаардлагатай асуудлууд байдаг. Үүнтэй холбоотойгоор мал эмнэлгийн хүрээлэн гэх мэт маш олон газруудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд тодорхой үр өгөөжөө өгч байна. Ер нь цөмийн технологи нийгмийн бүх салбарт үр өгөөжөө өгч байгаа.
-Цөмийн технолгийг ашигласнаар нийгмийн бүх салбарт хэрэгтэй, чухал ач холбогдолтой л гээд байх юм. Сөрөг тал байдаг биз дээ?
-Мэдээж хэрэг эрсдэлтэй талууд бий. Ямар нэгэн цөмийн осол болбол хүн ам хордоно. Мөн хүрээлэн буй орчин цацрагийн маш их бохирдолтой болдог. Гэхдээ энэ бүхнийг тооцож судалсны үндсэн дээр эрсдэлээсээ давуу тал хангалттай их байна гэж үзэх юм бол бид цөмийн эрчим хүчийг ашиглах тухай ярьж эхэлнэ гэсэн үг л дээ.
-Ураныг боловсруулан шар нунтаг гаргаж экспортолно гээд байгаа. Шар нунтаг гаргах явцад үлдэх хог хаягдал их хор нөлөөтэй гэх юм. Энэ үнэн үү?
-Задралын бүл элементүүд цацраг ялгаруулаад үлдчихдэг. Гэхдээ энэ нь байгаль дээр байхдаа ямар байсан яг тэр хэвээрээ л байна. Одоо хүдрийг ухаж гаргаж ирэхээс өмнө хүдрийн биет дотор байгаа элементүүд хэдий хэрийн цацраг ялгаруулж байсан тэр хэмжээндээ л байна гэсэн үг.
Дэлхийн олон сая хүн анагаах ухаан, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл гэх олон салбарт цөмийн технолгийг ашиглаж, үр дүнг нь хүртэж байгаа. Харин манай улсын иргэд “цөм” гэхээр л аюултай мэтээр ойлгодог. Гэвч яг үнэндээ цөмийн технолгийг зөв ашиглабал хүний өдөр тутмын амьдрал, цаашлаад улс орны ирээдүйн хөгжилд нэлээд чухал үүрэг гүйцэтгэх юм. Ялангуяа анагаах ухааны салбарт цөмийн технолгийг ашигласан оношлогоо эмчилгээний аргууд нь дэлхий олон сая хүнд эрүүл энхийг бэлэглэж байдаг байна. Цөмийн физик, цацрагийн биолгийн харилцан үйлчлэлийн шинжлэх ухааныг компьютер, электроникийн дэвшилтэй хослуулснаар эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүд улам боловсронгуй болж, оношилгоо, эмчилгээний төрөл, арга барил нэмэгдэн эмчилгээний үр дүн улам сайжирсаар байна.
Манай улс цөмийн технолгийг анагаах ухааны салбартаа 1950-иад оны сүүлчээр нэвтрүүлж, хорт хавдрын эмчилгээнд туяа эмчилгээг ашиглаж эхэлсэн. Эмнэлгийн оношилгоо, хүний бие эрхтэний үйл ажиллагааг хянах, хавдрыг эрт оношлох, эмчлэх, алсын үрэвслийг таслан зогсоох, мэс заслын хэрэгсэл болон хагалгааны багаж хэрэгслийг ариутгах, шимэгчээс үүдэлтэй өвчлөлийг бууруулах гэх мэт чиглэлүүдээр өргөн нэвтрүүлж, ашиглах зорилт тавин ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
