Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн чуулган эхэллээ

Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулган өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд Бээжин хотноо ажлаа эхэллээ. Түүнд Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн 2206 гишүүн оролцож байгаа юм.

БНХАУ нь ХКН-аас гадна эрх баригч бус хэд хэдэн намтай. Тэдгээр намын төлөөлөл Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүтцэд багтан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлаар хэлэлцэх асуудалд саналаа оруулдаг зарчимтай.

Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүтцэд ХКН-ын гишүүн бус хүмүүс нийт гишүүний 61,1 хувийг эзэлдэг байна. Мөн Хятадын 56 үндэстний төлөөлөл бүгд багтдаг юм байна. Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн 51,7 хувь ньөмнөх 11 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлөөс улиран сонгогдсон бөгөөд шинээр нөхөн сонгогдсон гишүүдийн олонхи нь залуучууд ажээ.

Чуулганы эхэнд Бүх Хятадын ардын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хорооны дарга Ця Цинлинь өнгөрсөн таван жилийнхээ ажлыг тайланг танилцуулан үг хэлжээ. Тэрээр хэлсэн үгэндээ Хонконг, Макао,Тайвань болон хилийн чинадад байгаа хятад иргэдтэйгээ эв нөхөрлөлөө улам цаашид эрчимжүүлэх, гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлэх талаар дурдсан байна. Мөн Дэн Сяопиний онолд тулгуурласан Хятадын онцлогтой социализмыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, өөрийн онцлогтой социализмын шинэ ололт амжилтыг бататгахын тэмцэх зорилт дэвшүүлжээ.

Хэдхэн хоногийн дараа Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал болж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ХКН-ын их хурлаас батламжилсан Ши Жинпин тэргүүтэй Хятадын шинэ үеийн удирдлагыг батлан ажилд нь оруулах юм.

Бүх Хятадын хорооны анхдугаар чуулган ес хоног үргэлжлэх аж.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж