
Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар хамтарч ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Монгол улсын засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн Монгол улсад геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр геологийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Монголын үндэсний геологийн албыг шинээр байгуулах, эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү гэрээг байгуулсан гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг онцолж байлаа.
Гэрээгээр хамтарч ажиллах чиглэлүүдээ тодорхойлсон бөгөөд үүнд уул уурхай, геологийн тогтоц, газрын гүний эрдэсийн судалгааг хийх юм байна. Энэхүү хамтран ажиллах гэрээний дагуу ШУА-ийн Геологийн хүрээлэн, Эрдэсийн технологийн судалгааны хүрээлэн, Палентологийн төв, Геоэкологийн хүрээлэн гэсэн дөрвөн хүрээлэн ажиллах ажээ.
Т.ДАРХАН