
Токиогийн цахилгаан эрчим хүчний компани буюу “Tepco” цөмийн алдагдлын нөхөн олговрын хэмжээ хоёр их наяд иен (23.6 тэрбум ам.доллар)-д хүрч болзошгүй гэж JP Morgan таамаглаж байна. Тус компанийн Фукушима Даичи цөмийн станцын дэлбэрэлт гамшгийн гол төв болсон билээ. Өнгөрсөн мягмар гаригт Японы цөмийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын агентлаг тус цөмийн станц дахь цөмийн аюул долдугаар төвшинд хүрснийг тогтоосон юм. Цөмийн станцаас 20 км-ын радиус доторх ард иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. “Tepco” цөмийн алдагдлыг арилгахаар хичээж байгаа энэ үед тус компанийн хувьцаа Токиогийн хөрөнгийн бирж дээр үнээ алдсаар байгаа ажээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлтийн дараа “Tepco”-гийн хувьцааны үнэ 75 хувиар буурсан гэсэн тооцоо гарчээ. Хөрөнгө оруулагчид одоо гамшгийн дараах хямралын сөрөг нөлөө, хэдэн тэрбумаар тоологдох нөхөн олговрын мөнгө зэрэг томоохон асуудалтай тулгараад байна.
Н.Энх