
Дэлхийн улс орнуудын тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдон ажиллах нь цөөнгүй. Гэхдээ эцгийн эрхт ёсны уламжлалаа нүдэнд харагдахгүйгээр хадгалан байдаг Азийн орнуудад эмэгтэй тэргүүн сонгогдоно гэдэг тийм ч ердийн хэрэг биш.
Өнгөрөгч сарын 25-нд Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ген Хе тангаргаа өргөлөө. 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд явагдсан бүх нийтийн сонгуулиар өрсөлдөгчөө багахан саналын зөрөөгөөр ялсан Пак Ген Хе Өмнөд Солонгосыг 18 жил удирдсан дарангуйлагчийн охин. Тэрбээр 34 жилийн өмнө аавынхаа эзэгнэж байсан Хөх ордны анхны эзэгтэй боллоо. Түүний эцэг Пак Чун Хи ядуу буурай Өмнөд Солонгосыг хатуу гараар 18 жил барьсан дарангуйлагч хэмээгддэг ч тус орны өнөөгийн хөгжил цэцэглэлтийн эх үндсийг тавьсан хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Тангараг өргөх ёслолдоо даруухан ногоон пальто өмсч, хуруу, чихэндээ ямар ч гоёл чимэглэл зүүлтгүй ирсэн Пак Ген Хе-гийн эцэг эхийн эмгэнэлт намтар түүний ялалтад багагүй нөлөөтэй байв. Ядуу зүдүү улс орноо хөгжүүлэх чин хүсэлтэй ч хэтэрхий хатуу гараар удирдаж, хувь хүний наад захын эрхийг үл хүндэтгэж явсан аавынхаа өмнөөс хатагтай Пак өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсоор ард түмнээсээ уучлал гуйсан юм. Эцэг Пак Чун Хи 1961 оноос хойш Өмнөд Солонгос улсыг удирдаж байгаад 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн бие хамгаалагчийн гарт амь үрэгджээ. Түүний бие хамгаалагч Хойд Солонгосын тагнуулч байлаа.

Пак Ген Хе
-Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч
-1952 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр төрсөн
-Согангийн Их сургуулийг инженер мэргэжлээр дүүргэсэн
-1998 онд Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейд гишүүнээр сонгогдсон
-2012 онд Сенури намаас Ерөнхийлөгчид нэр дэвшин ялалт байгуулсан.
Энэ явдлаас таван жилийн өмнө 1974 онд Францад сурч байсан 22 настай Пак Ген Хе эмгэнэлт мэдээг хүлээн авчээ. Түүний ээж Хойд Солонгосын мэргэн буучийн суманд оногдон амиа алдсан байлаа. Мэргэн бууч тэр үед аавыг нь онилсон байсан ч эцсийн мөчид ээж нь суманд оногдсон юм. Ээжийгээ амь үрэгдсэнээс хойш Пак Ген Хе эх орондоо эргэн ирж, улсынхаа тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэсэн нь ирээдүйн улс төрийн карьерынх нь эхлэл болжээ. Өнөөг хүртэл ганц бие яваа Пак Ген Хе одоо ард түмэндээ амласнаа биелүүлэх цаг ирлээ.
Түүний сонгуулийн гол амлалт бол улс үндэснийхээ аюулгүй байдлыг хангах болон эдийн засгаа өөрчлөн шинэчлэх явдал.
Өмнөд Солонгос бол эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд жишээ болсон орон. Гэсэн ч сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, тэр хэмжээгээр шинэчлэлт өөрчлөлтийг шаардаж байгаа юм. Эцэг нь суурийг нь тавьсан Өмнөд Солонгосын эдийн засгийн хөгжил олон судлаачдын анхаарлыг татдаг. 20 жилийн дотор тусламж авдаг орноос тусламж үзүүлдэг орон болсон “рекорд” үзүүлэлт зөвхөн Өмнөд Солонгосынх. 2011 оны статистикаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 30 мянган ам.доллар байлаа.
Гэвч экспортод суурилсан эдийн засгийн хөгжил нь эдүгээ солонгосчуудын шаардлагыг хангахаа больжээ. Сүүлийн 20 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гурав дахин өссөн ч харин ажиллагсдын цалингийн бодит өсөлт үүнээс хоёр дахин бага гарчээ. Энэ нь ч олон мянган солонгосчуудын амьдралд нөлөөлж эхэлсэн байна. Эдийн засгийнх нь нэг суурь болсон хувийн хэвшлийнхэн зарснаасаа багыг олж, нийгмийн халамжийн тэгш бус байдал геометрийн прогрессоор өсч байна. Гэр бүл салалт хоёр дахин нэмэгдэж, төрөлтийн үзүүлэлтээр хөгжиж буй орнуудынхаа дунд хамгийн муу буюу дөрөвдүгээр байрт явна. Амьдралд итгэл алдран амиа егүүтгэх тохиолдол ч эрс нэмэгдсэн байна.
Өмнөд Солонгосын эдийн засгийн өмнө шийдэх ёстой хоёр асуудал тулгараад буй. Нэгд, эдийн засгийн зарим салбар нь дэлхийд ноёлох хэмжээнд очсон бол зарим салбар нь арай ядан хөл дээрээ тэнцэж байна. Hyundai, LG, Samsung зэрэг дэлхийд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн гигант компаниуд өмнөх шигээ олон ажлын байр санал болгож чадахаа больжээ. 1995 онтой харьцуулахад өнөөдөр “гигант”-уудад ажиллагсдын тоо гурав дахин буурчээ. Харин ажлын байрыг ихээр нэмэгдүүлэх боломжтой үйлчилгээний салбарын хөгжил сул хэвээр. Дундаж орлоготой хувийн хэвшлийнхэн хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягаар амьдраад удаж байна. Улам бүр нэмэгдэж буй боловсролын зардал, үл хөдлөх хөрөнгийн үнийг дундаж давхаргынхан дийлэхгүй байна. Гэрлэсэн эмэгтэйчүүд ажлын байраа орхих үзэгдэл хэвээр. Энэ үнэн болохыг Өмнөд Солонгосын нийт гэр бүлийн дөнгөж 38 хувь нь эхнэр, нөхөр хоёр нэгэн зэрэг ажиллаж байна гэсэн статистик нотолдог. Хангалттай орлого олохгүй байгаа учраас дундаж орлоготой ихэнх гэр бүл нэгээс илүү хүүхэдтэй болохоос татгалзаж, хүн амын бүтцэд хөгшчүүдийн эзлэх жин нэмэгдэж эхэлжээ.
Товчхон хэлэхэд ямар нэг шийдвэртэй алхам хийхгүй аваас тус улсын эдийн засаг уруудсаар байх юм. Тийм ч учраас шинэ Ерөнхийлөгч том компаниудын өргөжихийг хумих, жижиг дунд үйлдвэрлэгчдийг хөхиүлэн дэмжих бодлого барихаа амлаад байна. Харин хэрхэн үүнийг хийх вэ гэдгийг одоо харах цаг боллоо. Эдүгээ 61 настай, инженер мэргэжилтэй Пак Ген Хе өнөөдөр Хан мөрний эрэгт эдийн засгийн шинэ уур амьсгал авчрахыг харах л үлдлээ.
Шинэ Ерөнхийлөгчийн амласан хоёр дахь амлалт тун ярвигтай. Энэ бол мэдээж хоёр Солонгосын асуудал. Түүнийг сонгуулиар ялалт байгуулаад тангараг өргөхөө хүлээж байх хооронд Хойд Солонгосын ахан дүүс нь цөмийн туршилтаа хийж, сүр хүчийг үзүүлээд амжсан. Хэдийгээр төрсөн эцэг эхээ Хойд солонгосчуудын гарт алдсан ч тэрбээр хоёр Солонгосын харьцааг зөөлрүүлж, улмаар нэгтгэхийн төлөө ажиллана гэдгээ амалсан. Өмнөд Солонгосын өмнөх Ерөнхийлөгчдийн нэгэн адил Пак Ген Хе-гийн бүрэн эрхийн таван жилийн хугацаанд шийдэхэд хамгийн төвөгтэй асуудал нь энэ байх болов уу.