
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх Хятадад айлчилж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх гэнэ. Хоёр тал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 2015 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 100 тэрбум ам.доллар хүргэх гэрээ байгуулсан юм. Ерөнхий сайд Сингх Хятадад болох Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкын дээд хэмжээний уулзалтад оролцох гэнэ. Хятад улс Энэтхэгийг худалдааны хамгийн том түнш боловч хоёр орны худалдааны харилцаа одоо ч тэнцвэргүй хэвээр байгаа юм. Энэтхэгийн Хятадын импортын бараа бүтээгдэхүүний хараат байдал улам ноцтой болж байгааг Энэтхэгийн “Standard Chartered Bank”-ны судалгааны төвийн тэргүүн онцолжээ. Одоогоор Энэтхэгийн Хятад дахь цорын ганц экспорт нь төмрийн хүдэр ажээ.
Энэтхэг Хятадын асар том зах зээлд хаалга нээхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Харин Хятад худалдааны тэнцвэртэй байдлаа хэвээр хадгалах сонирхолтой байгаа ажээ. Хятадын Ерөнхий сайд Вен Зябао өнгөрсөн арванхоёрдугаар сард Энэтхэгт айлчлахдаа тус улсын Хятад дахь экспортын хэмжээг нэмэгдүүлж, гадаад худалдааг нь дэмжихээ илэрхийлсэн.
Өнгөрсөн удаагийн айлчлалаар Хятадын Ерөнхий сайд Вен Зябаотой хамт 400 гаруй бизнесмен Энэтхэгт очиж 16 тэрбум ам.долларын худалдааны гэрээ байгуулсан юм байна. Хоёр орон дэд бүтэц, байгаль орчин, мэдээлэл технологи, харилцаа холбоо, болон хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ.