
Хэдийгээр Майк Нубль энэ жил 38 настай ахмад тоглогч хэдий ч “Вашингтон Капиталс” баг түүнийг дахин нэг жил эгнээндээ байх эрхтэй тоглогч гэж үзжээ. Ингэснээр нэг жилийн хоёр сая ам.долларын гэрээг түүнд санал болгож, тоглогч өөрөө хүлээн зөвшөөрчээ. “Капиталс” энэ мэдээллийг орон нутгийн цагаар даваа гаригт зарласан юм. Тэд плей-оффын эхний шатанд “Нью-Йорк Рейнжерс”-тэй учраа таараад байгаа учраас Майк Нублийг сэтгэлзүйн хувьд хурцалсан үйл явдал боллоо. “Жилийн сүүлийн хагаст тэр манай шилдэг тоглогч нь байлаа” гэж багийн дасгалжуулагч ахмад тоглогчийнхоо талаар өгүүлжээ. Нубль улирлын эхэнд тааруу тоглолт үзүүлж байсан. Эхний 13 тоглолтдоо ердөө ганцхан гоол оруулж, гурван оновчтой дамжуулалт өгч байсан. Гэхдээ улирлыг туршлагаараа гайхалтай дуусгасан юм. Сүүлчийн 14 тоглолтдоо есөн гоол, дөрвөн оновчтой дамжуулалт багийнхандаа өгчээ. Тэрбээр энэ улирлыг 24 гоол, 16 оновчтой дамжуулалттайгаар дуусгасан. Түүнээс гадна ердөө гурван тоглолт өнжжээ. Үндэсний хоккейн лигт 35 болон түүнээс дээш настай тоглож байгаа тоглогчид дундаас оруулсан гоолоороо Нубль гуравт бичигдэж байна. Түүний өмнө Мартин Сэнт Льюис, Тээмү Селанне оржээ.
Нубль одоогоор 14 улирлыг үдэж, нийтдээ 968 тоглолтонд оролцоод байгаа. Ирэх жил бэртэл гэмтлээс хол байж, форм сайтай байвал 1000 тоглолтын босгыг давах юм.
Score Studio