
“Кэмп Ноу” цэнгэлдэхдээ 5:1 харьцаатай Украйны аварга “Шахтёр Донецк” багийг бут ниргэсэн “Барселона” өнөө шөнө Украйнд зочилж тоглох болно. Дараагийн шатанд шалгарах эрхээ бараг л өвөртөлчихөөд буй Каталоны клуб дараагийн шатанд мөнхийн өрсөлдөгч “Реал”-тай учраа таарах магадлал өндөр. Талбай дээрээ илт илүүрхсэн учраас энэ үдшийн тоглолтод “Барса”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиола зарим тоглогчдоо амрааж магадгүй юм. Учир нь тэд лигтээ мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-тай ирэх амралтын өдрөөр тоглоно. Гэхдээ Гуардиола эрсдэл гаргахыг хүсэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт “Барселона” Украйны багийн хамгаалалтыг хангалттай сэтэлсэн бол өөрсдөө ганцхан гоол алдсан. Хэдийгээр дөрвөн гоолын давуутайгаар талбайд гарах ч довтолж тоглосон хэвээр байх гэнэ. Учир нь бямба гаригт “Сантьяго Бернабеу”-д “Реал Мадрид”-ын эсрэг тоглоход сэтгэлзүйн хувьд хожилтой очих нь чухал гэдгийг Гуардиола сайн мэдэж байна. “Барса” лигтээ долоон тоглолт үлдээд байхад найман онооны давуутай яваа. Тийм учраас “Реал”-тай хийх энэ тоглолтыг “өрсөлдөгчөө устгах сүүлчийн боломж” гэж тэрбээр нэрлэж байна. Гэхдээ Ла лигийн тулааны тухай зөвхөн ярьсан гэдэг нь ойлгомжтой. Дөрөв хоногийн дараа “Копа дэл Рэй”-н шигшээд Мадридын багтай дахин тоглох бол маргааш Жозе Моуриньогийн баг “Тоттенхэм”-ийг хожиж чадвал Аваргуудын лигийн хагас шигшээд дахин таарах юм. Богино хугацаад гурван удаа таарч тоглох энэ хоёр багийн тоглолт бүрийг дэлхий нийт нүд салгалгүй ширтэх болно. “Барселона”-гийн бүрэлдэхүүнд Карлес Пуйол, Эрик Абидал, Боян Кркич нар бэртлийн улмаас хүчин зүтгэж чадахгүй бол Иньеста торгуулийн улмаас тоглохгүй. Тийм учраас хүнд тоглолт болж магадгүй. “Шахтёр” шинэ талбай болох “Дондасс Арена”-даа хожигдол хүлээгээгүй байсан ч өнгөрсөн бямба гаригт 1:0 харьцаатай “Оболон” клубт хожигдсон. Энэ нь тэдний багийн хамгаалагч Дарио Срнагийн бэртэлтэй холбоотой байж болох юм. Багийн ахлагчтайгаа хамт энэ тоглолтыг өнжих бүрэлдэхүүнд Олександр Кушер, Дмитро Чигрински, Разван Рат нар багтжээ.