
Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ойрын төлөвлөгөөнд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахаар болсон билээ. Энэ ажлын хүрээнд төрийн өмчит “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг төр, үлдсэн хувийг хувийн хэвшил эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөн зохион байгуулахыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийг байгуулах ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад даалгасан байна.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын 2013 онд хийгдэх байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 14 тэрбум 100 сая төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд үүрэг болгожээ. Мөн ил уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор байгуулж байгаа аж үйлдвэрийн анхны цогцолборын эхний энэ хөрөнгө оруулалт болоод хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын тэргүүн анхааруулсан байна.
Ш.ЧИМЭГ