
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гар утасны ярианы төлбөрийг секундэд шилжүүлэн, хэрэглэгчдийн ярианы төлбөрийн зардлыг 30 орчим хувиар бууруулах шийдвэрийг өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан. ШӨХТГ-ын амалсан ёсоор бол хэрэглэгчид өчигдрөөс эхлэн буюу энэ сарын 01-нээс эхлэн ярианы төлбөрөө секундээр тооцон төлж эхлэх ёстой байсан. Хэдийгээр Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл зэрэг компаниуд “Ярианы төлбөрийг секундэд шилжүүлэхэд техникийн нөхцөл бүрдэж, бэлэн болсон” гэдгээ албан бичгээр ШӨХТГ-т хүргүүлсэн гэсэн хэдий ч ярианы төлбөр минутаар хэмжигдсэн хэвээр байна. Учир нь Харилцаа холбооны зохицуулах газраас секундын тарифыг тогтоогоогүй, мөн үүрэн холбооны оператор компаниуд арван хоногийн туршилтын хугацаа шаардсан тул хэрэглэгчид дахиад арав гаруй хоног хүлээх шаардлагатай бололтой.
Харилцаа холбооны зохицуулах холбоо, ШӨХТГ зэрэг холбогдох байгууллагуудын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу энэ сарын 15-нд хэрэглэгчиддээ сюрприз болгон баяр ёслолын байдалтайгаар ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг эхлүүлнэ гэх амлалт биелэнэ гэдэгт найдъя.
Д.ЖАРГАЛ